Өнгөрөгч бямба гарагт орон нутгийн Тавантолгой ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Гэвч олон нийтийн зүгээс бүх иргэдэд ногдол ашиг тараана хэмээн ташаа ойлголт авсан юм. Тэгвэл уг асуудлаар, Орон нутгийн “Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Тавантолгой ХК нь 50 гаруй жилийн түүхтэй 1900 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Энэ хүрээнд эдгээр хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг тараана. Мэдээж хамгийн том хувьцаа эзэмшигч нь Өмнөговь аймаг буюу хувьцаа эзэмшигчийг хэрэгжүүлж буй этгээдүүд нь аймгийн ИТХ юм. Мөн зарим хувьцаа эзэмшигчид шалгагдаж байгаа нь үүнээс тусдаа асуудал.
Тиймээс иргэдэд хувьцаа тараах нь ямар ч боломжгүй. Зөвхөн хувьцаа эзэмшигчид тараадаг. Нэгж хувьцаанд 2740 орчим төгрөг хуваарилж байгаа. Өмнө нь ч мөн хуваарилж байсан. Тавантолгой ХК нь өөрөө хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани учир ногдол ашгийг олгодог. Хамгийн сүүлд цар тахлын улмаас буюу 2021 онд 13 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 90 орчим хувийг ногдол ашиг болгон хуваарилсан байдаг. Мөн тухайн зах зээл болон борлуулсан нүүрсний ашгаас хамааран их, бага хуваарилагддаг.
Хоёр компанийн асуудлыг тус тусад нь ойлгох хэрэгтэй. Нэр ойролцоо учир андуурагдах нөхцөл байдал үүсэж байна. Үүнийг залруулж хэлэх нь зүйтэй" гэв.