Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд хэд хэдэн боомтуудад шинэчлэл хийх, барилга байгууламжийг сайжруулах зэрэг ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.
Тухайлбал, “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил”-ыг хийж гүйцэтгээд байгаа юм.
Тус барилга, байгууламж энэ оны нэгдүгээр сард ашиглалтад орсон бөгөөд манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.
Замын- Үүд боомтын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бол өнөөдөр нийт ажлын гүйцэтгэл 91 хувьтай байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Өнгөрсөн 2022 оны хувьд Монгол, Хятадын худалдааны эргэлт 13.6 тэрбум ам.долларт хүрсэн. Худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд Замын-Үүд боомт дахь Ложистикийн төвтэй адил хүчин чадал бүхий ложистикийн төвүүдийг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад нэн түрүүнд барихаар төлөвлөөд байна.