Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаантай зэрэгцэн С.Эрдэнийн болон Х.Баттулгын гэх Ардчилсан намаас Дээд шүүхийн байрны гадаа хамтарсан мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, тэд Лу.Гантөмөрийг УДШ АН-ын даргад бүртгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Энэ тухай Ардчилсан намын ЕНБД И.Мөнхжаргал хэлэхдээ "Лу.Гантөмөр гэх хүнийг сонгогдсон гэх процесс нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хууль болон АН-ын УДШ-д бүртгэлтэй намын үндсэн дүрмийн 20-30 заалтыг зөрчсөн байсан. Ардчилсан намын дүрмээр бол намын даргыг саналын эрхтэй нийт гишүүд дундаас сонгодог. Ийм сонгууль харамсалтай нь болоогүй. Энэ тухай Ардчилсан намын 30 аймгийн нэгж, байгууллагууд, 330 сумын гишүүдийн төлөөллөөс бид ийм сонгуульд оролцоогүй гэдгээ бичгээр ирүүлсэн байгаа. Эдгээр бичиг баримтуудыг бид УДШ-д хүргүүлсэн. Ардчилсан намын даргын сонгууль намын гишүүдээсээ саналаа аваад Их хурлаараа батламжилдаг. Их хуралд өөрөө намын төлөөлөгч гэж оролцдог. Төлөөлөгчийг дотоод сонгуулийн хороо бүртгээд Их хурлаа зохион байгуулдаг. Гэтэл намын дортоод сонгуулийн байгууллагуудаас хууль ёсны дагуу Их хурлаа хуралдуулаагүй гэдэг бичгийг ирүүлсэн. Ийм тодорхой баримтууд байгаад үйл явдлууд болсоор байтал өнөөдөр бүртгэл хийгдэх юм бол Монгол Улсад шүүх эрх мэдлийн байгууллага байхгүй юм байна гэдэг нь тодорхой болно шүү. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 49.1-т заасан байгаа. Шүүгч хараат бус байж зөвхөн хуульд захирагдана гэж. Өнөөдөр нийт шүүгчдийн хуралдаанд оролцож байгаа шүүгчдэд хуулийн зүйл заалтыг нь сануулж байна" хэмээв.
Ташрамд сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд Ардчилсан нам Их хурлаа хийж Л.Гантөмөрийг намын шинэ даргад батламжилсан бол үүнээс 10 хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр С.Эрдэнийн гэх Ардчилсан намаас Их хурлаа хийн АН-ын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг мөн батламжилсан байдаг. Иймд УДШ-д Ардчилсан намаас дээрх хоёр хүнийг намын шинэ даргад бүртгүүлэх өргөдлийг гаргаад буй.