Иргэн Г.Энхбилэг өнгөрсөн сарын 15-ны өдөр гурван настай охиноо харамсалтайгаар алдсан. Тодруулбал, охин нь амиа алдсан хэрэгт эмч нар хариуцлагагүй хандсан хэмээн гомдолтой байгаа юм. Хэрэг явдал гараад хагас сарын хугацаа өнгөрсөн ч асуудал нь шийдэгдээгүй. Цагдаагийн байгууллагаас камерын бичлэгийг шүүж үзэж болно гэсэн ч эмнэлгийн зүгээс үзүүлэхгүй байгааг талийгаач охины аав Г.Энхбилэг мэдээллээ.
Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Эмнэлгийн камерын бичлэгийг шүүлгэхээр эмнэлэгт ирсэн ч үзүүлэхгүй байна гэлээ. Үүнийгээ эмнэлгийн зүгээс юу гэж тайлбарлаж байна вэ?
-Миний охин өнгөрсөн сарын 15-нд нас бараад, ажил явдал нь 18-нд болсон. Ингээд 20-ны өдөр БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид "Эмнэлгийн камерын бичлэгийг бушуухан авмаар байна. Энэ чухал нотлох баримт" гэж хэлж байсан. Ингээд хоёрдугаар сарын 1-нд цагдаадаа албан тоотоор өргөдөл өгөөд эмнэлгийн давхруудын бичлэг, охин маань эргэлтээр ээжтэйгээ уулзаад алхаж байгаа, эм тариандаа алхаад явж байгаа бичлэг зэргийг авах хүсэлтээ өгсөн. Гэтэл эмнэлгийн зүгээс "Манай эмнэлгийн камерууд бичлэг хийдэггүй камерууд" гэсэн сонин хариулт өгсөн байна. Устгачихсан юмуу яасан юм. Уг нь эмнэлэгт эмчлүүлж байхад, сувилагчийн өрөөний үүдэнд эм тариандаа очерлож байхад "Битгий камерт өртөөд бай. Наашаа бол. Цаашаа бол" гээд л байдаг байсан. Сая үүдээр нь ороход ч хяналтын камерын бичлэгүүд нь ажиллаж байна. Тийм байтал миний охины хэвтэн эмчлүүлж байх хугацааны бичлэг байхгүй. Манай камерууд бичдэггүй гэж байгаад нь маш их гомдолтой байна. Би цагдаад гомдолтой байгаагаа хэлсэн. ЭМЯ-нд ч энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү гэж гомдол өгсөн.
-Таны охин өмнө нь хууч өвчтэй байсан уу?
-Огт байгаагүй. Миний охин өмнө нь эмнэлэгт хэвтэж байгаагүй. Анх удаа энэ эмнэлэгт хэвтээд л хариуцлагагүй эмч нарын буруу үйл ажиллагаанаас болоод амиа алдчихсан. Одоо бодоход антибиотек нтр бичихдээ сорил ч тавиагүй байгаа байхгүй юу. Бие нь хүндрээд байхад тариануудаа улам ар араас нь шахаад, таарахгүй тариа, антибиотек 2-3-аар нь хийчихсэн байна. Анх эмнэлэгт ирэхдээ хөлөөрөө алхаад л явж байсан. Юмыг яаж мэдэхэд гээд байрныхаа камерын бичлэгүүдийг хуулаад авчихсан. Хэвтээ биш нуруу нь цэх байдалтай аавдаа тэврүүлээд явж байгаа. Унжгар биш сэргэлэн цовоо байгаа бичлэгүүд нь ч байна. Эмнэлэг дээр ирсэн бичлэгүүд ч миний утасны архивт байна. Гол нь тарианы өрөөнөөс гарсан, ээжтэйгээ эргэлтээр уулзсан бичлэгүүдийг авах хүсэлт гаргасан ч "Бичдэггүй камер" гэсэн сонин хариулт өгч байна.
-Та өмгөөлөгчдөө хэлсэн үү. Хэргийн явц ер нь ямар байдалтай байгаа вэ?
-Өмгөөлөгчдөө хэлсэн. Хуулийн байгууллагууд руу явж байгаа бичиг баримтад хавсаргаад явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар хэрэг үүсгээд явж байгаа.
-Анх ямар эмч хүлээн авсан бэ. Өвчний түүх нээсэн байх?
-Анх эмчлэгч эмч нь н.Бадамжав гэж байсан. Өвчний түүхийн дэвтэр нээсэн байх. Тэр эмч нь эмчилж байгаад антибиотекоо солиод үзье гэсэн. Хоёр дахь антибиотекийг солиход эмнэлэгт хэвтээд 3-4 л хонож байсан. Тэгээд сайжрахгүй байна гээд хоёр дахь антибиотекийг солиход н.Бадамжав эмч давхар эмнэлгийнхээ хяналт энтэрт хэлэх л ёстой байсан юм билээ. Эмнэлэг ч маш хариуцлагагүй юм. Хүүхэд сайжрахгүй байхад хоорондоо хуралдахгүй, тоохгүй, хайхрамжгүй хандсан. Энэ хугацаанд охин маань улам муудсаар байгаад 14-ний өдөр бүр муудсан. Тухайн өдөр н.Эрдэнэзул гэх эмч ээлжээр гарч байсан. Бас л хайхрамжгүй хандсан. Ер нь энэ эмнэлгийн эмч нарт гомдолтой байгаа. Бүгд л чагнаад яваад байсан хэрнээ өнөөдөр охин минь амиа алдчихсан.
-Анх гэдэсний ханиад гэж оношлосон юм байна. Хатгаа гэдгийг нь хэзээ мэдсэн юм бэ?
-Бараг 5 дахь хоногт байна уу. Эрчимт рүү ороход рентгений зураг авч, цусны шинжилгээ болон химийн шинжилгээ авч байж хатгаа гэж мэдсэн. Гэтэл хүндэрсэн байсан. Эхний онош гэдэсний ханиад гэдгээс бараг 5 хоногийн дараа хатгааг нь мэдсэн. Хэдий миний охин босоод ирэхгүй ч гэсэн үр хүүхэдтэй хүн болгонд сэрэмжлүүлэх үүднээс "Хариуцлагатай эмч, эмнэлэг" байгаасай гэсэндээ ингээд явж байна. ЭМЯ, ХЗДХЯ бүгдэд нь хандаж байна. Ийм сэтгэлгүй, тоног төхөөрөмж дутууг мэдсэн бол ирэхгүй байх байсан. Дүүргийнхээ эмнэлэгт итгэж ирээд хайран сайхан охиноо алдчихлаа. Миний хоёр дахь хүүхэд байсан.