2017 оноос эхлэн Монгол Улсын их дээд сургуулиудын оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс "Оюутны хөгжлийн зээл"-ийг олгож эхэлсэн. Энэ хугацаанд олон оюутан, залуус оюутны хөгжлийн зээлээр суралцан, хүүгүй, урт хугацаанд эргүүлэн төлөх уян хатан нөхцөлтэйгээр зээл авсан байдаг ч зээлийн эргэн төлөлтөө төлөөгүйн улмаас Монголбанкны чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад орох нөхцөл бүрддэг байна.
Тэгвэл "Оюутны хөгжлийн зээл"-ээр суралцаж төгссөн залуус зээлээ төлөөгүй тохиолдолд ямар эрсдэл үүсэх, Монголбанкны чанаргүй ангиллаас хэрхэн гарах мөн зээлийн эргэн төлөлтөө хэрхэн төлөхөө мэдэхгүй байгаа тохиолдолд хэрхэн гүйлгээ хийх боломжтой талаар Боловсролын зээлийн сангийн "Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн" Л.Базардаргиатай ярилцлаа.
-Боловсролын зээлийн сангаас өнөөдрийн байдлаар хэчнээн оюутан, залуус "Оюутны хөгжлийн зээл"-ийг олгосон байдаг юм бэ. Мөн зээлийн эргэн төлөлт хэрхэн хийгдсэн байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Оюутны хөгжлийн зээлийг 2017-2018 оны хоёрдугаар улирлаас эхлэн олгож эхэлсэн. Энэ хугацаанд 25 мянга гаруй оюутанд 77 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Энэхүү зээл маань их дээд сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнуудыг суралцах явцад нь хүүгүй зээл олгож, санхүүгийн дэмжлэг олгодог. Энэ зээл маань оюутнуудын ирээдүйн орлогод суурилж олгогдож байгаа. Өөрөөр хэлбэл, оюутнууд маань сургуулиа төгссөнөөс хойш зургаа хүртэлх жилийн дотор төлдөг.
Оюутнуудын хувьд зээл авсан хэмжээнээсээ хамааран өөр, өөр графикаар төлөлтөө хийдэг. Тухайлбал,
- 1-3 сая хүртэлх төгрөгийн зээл авсан оюутнууд сургуулиа төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас зээлээ төлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацааг хөнгөлж өгдөг гэсэн үг
- 3-8 сая хүртэлх төгрөгийн зээл авсан оюутнууд зургаан сарын дараагаас зээлээ төлж эхэлдэг.
- 8 сая төгрөгөөс дээш зээл авсан оюутнууд нэг сарын дараагаас эхлэн зээлээ төлж эхэлдэг.
Учир нь Засгийн газрын тогтоолд зургаа хүртэлх жилийн дотор зээлээ бүрэн төлнө гэж заасан байгаа. Тиймээс зээл авсан оюутнуудад зээлийн эргэн төлөлтийн график, хуваарийг гаргаж өгдөг юм.
Харин зээлийн эргэн төлөлтийн хувьд өнөөдрийн байдлаар 6600 орчим оюутан дөрвөн тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн бөгөөд зээлийн ангилал нь буурсан байна. Учир нь Монголбанкан дахь зээлийн мэдээллийн ангилал нь өдөр бүр шинэчлэгдэж байдаг.
Өөрөөр хэлбэл, зээл авсан оюутнууд маань зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөд явах ёстой байдаг. Хэрэв хуваарийн дагуу зээлээ эргэн төлдөг бол Монголбанкны мэдээллийн системд хэвийн активтай явж байдаг.
-Зарим оюутнуудын тухайд Монголбанкны хар жагсаалтад орчихсон байна. Дахин зээл авах гэсэн ч "Оюутны хөгжлийн зээл"-ээс шалтгаалаад зээл гарахгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Оюутнууд маань өмнө хэлсэн хуваарийн дагуу зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанкны найдваргүй жагсаалтад ордог. Энэ нь хэтэрсэн хугацаанаас шалтгаалан өөр өөр ангилалд ордог гэсэн үг.
Тухайлбал,
- Нэг сар буюу 30 хоногийн хугацаанд зээлээ төлж явбал Хэвийн ангилал
- 30-90 хоног буюу нэгээс гурван сарын хугацаанд зээл хэтэрвэл Хугацаа хэтэрсэн
- 90-180 хоног буюу гурваас зургаан сарын хугацаанд зээл хэвэрвэл Хэвийн бус
- 180-360 хоног буюу зургаан сараас нэг жилийн хугацаан хэтэрвэл Эргэлзээтэй зээлийн ангилал
- 365 хоногоос дээш буюу нэг жилээс дээш хугацаа хэтэрвэл Найдваргүй зээлийн ангилалд ордог.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би өнөөдөр 360 хоног дотор зээлээ төлөөгүй хэтэрчихсэн явж байлаа гэж бодоход эргэлзээтэй зээлийн ангилалд явж байгаа гэсэн үг. Гэтэл маргааш болоход найдваргүй зээлийн ангилалд ордог. Тийм учраас Монголбанкан дахь зээлийн ангилал өдөр бүр өөрчлөгдөж байдаг.
-Оюутны хөгжлийн зээл авсан оюутнуудын хувьд зээлийн хуваариа сургуулиасаа аваагүй, үрэгдэж гээгдүүлсэн гэх зэрэг тохиолдол гаргаснаас үүдэн зээлээ хэзээнээс эхлэн төлөхөө мэдэхгүй байх тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд зээлийнхээ хуваарийг хэрхэн авах боломжтой юм бэ. Сургуулиасаа авах уу Боловсролын зээлийн сангаас авах уу?
-Зээлийн эргэн төлөлтийн хуваариа аваагүйгээс үүдэн оюутнууд маань хэзээнээс эхлэн зээлээ төлөхөө мэдэхгүй, найдваргүй зээлийн ангилалд орох тохиолдол гарч байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг яаж гаргадаг вэ гэхээр зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний нэг хувийг эргэн төлөлтийн хуваарьтай нь хамт оюутнуудад өгдөг.
Тиймээс оюутнууд маань хуваарийнхаа дагуу зээлээ сар сардаа төлөөд явах ёстой.
Харин хэрхэн эргэн төлөлтийн хуваариа авах вэ гэвэл, Боловсролын зээлийн сангаас эсвэл сургуулиасаа авах боломжтой. Сургуулиудад нэг хувь байгаа учраас түүнийгээ авах бүрэн боломжтой.
-Монголбанкны найдваргүй зээлийн ангилалд байгаа оюутнууд маань хэрхэн энэ ангиллаас гарах боломжтой юм бэ. Зээлээ бүрэн төлж байж найдваргүй ангилалаас гарах уу?
-Жишээлбэл, 2022 оны нэгдүгээр сараас эхлэн зээлийн эргэн төлөлтөө хийх ёстой байсан ч бүтэн нэг жилийн хугацаа хэтэрсэн тохиолдолд 2023 оны хоёрдугаар сар хүртэлх зээлийн эргэн төлөлтөө төлнө. Энэ тохиолдолд Монголбанканд байгаа зээлийн ангилал хэвийн болох боломжтой. Түүний дараа гуравдугаар сараас эхлэн хэвийн төлөлтдөө орох бүрэн боломжтой.
-"Оюуны хөгжлийн зээл"-ээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд ямар эрсдэл үүсэх вэ?
-Өмнө хэлсэнчлэн зээлийн хугацаа 365 хоног хэтэрсэн бол найдваргүй ангилалд орж байгаа. "Оюутны хөгжлийн зээл" нь Монголбанктай холбоотой байгаагийн учир нь тухайн оюутан дахин зээл авах гэхэд зээлийн түүх нь харагдаж байдаг. Энэ нь цаашдаа ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр зээлийн муу түүх үүсэх эрсдэл бий болдог.
-Түүнээс гадна зээлийн эргэн төлөлтөө хийх гэж байгаа оюутнууд гүйлгээний утган дээрээ юу гэж бичихээ төдийлөн мэдэхгүй байна гэдэг асуудал яригдаж байна л даа. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?
-Зээлдэгчдийн зүгээс яг энэ асуултыг маш асуудаг. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтөө хийх гэж байгаа бол гүйлгээнийхээ утган дээр төгссөн сургууль, овог нэр, регистрийн дугаар, утасны дугаараа бичих хэрэгтэй.
Утасныхаа дугаарыг яагаад бичиж байгаа вэ гэхээр зээл төлөөд ямар нэг асуудал гарсан тохиолдолд тухайн хүүхэдтэй эргэн холбогдох шаардлага гардаг.
-Зээлийнхээ түүхийг ямар байгааг мөн ямар ангилалд байгаа талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой юм бол?
-И-Монголиа дээр бүх мэдээлэл орсон байгаа. Зээлийн түүх хэсгээс оюутны хөгжлийн зээлээ хэрхэн төлсөн, ямар ангилалд багтаж байгаа вэ гэдгээ харж болно.
-Ярилцсанд баярлалаа.