Ирэх оны сонгуулийг угтаж УИХ-ын гишүүд энэ жил тойргоороо баахан эргэлдэж бараагаа харуулж бэлэг тараах нь тодорхой болов. Намрын чуулган хаахтай зэрэгцээд л зарим нь гуяа алгадаад орон нутаг руугаа буцсан. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд сар шинийн баярыг тохиолдуулах нэрээр уут чихэр, хуанли, хадаг сүү бариад хайр зарлан бэлтэй, бядтайгаа нэгэндээ гайхуулж, нийгэмд баалуулав.
Тэгвэл УИХ-ын гишүүд тойрогтоо бэлэг тарааж эхэлсэн үйл ажиллагааг хуульч Д.Үүрцайх тайлбарлахдаа тэрбээр “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48.1-т Сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэг сэлт тараахыг хориглосон байдаг. Гэвч Сонгуулийн жил биш учраас УИХ-ын гишүүд “тойрог усална” гэж ярьдгаар сонгогчдод бэлэг таарах явдал хавтгайрсан байна. Үүнийг тэд хуулиар хориглоогүй юм чинь гэдэг байдлаар тайлбарладаг.
Хэдийгээр хуульд сонгуулийн жилээс бусад тохиолдолд бэлэг сэлт тараахыг зааж өгөөгүй ч гэсэн онолын хувьд “Улс төрийн авлига” гэж нэрлэгдэх ёстой. Энэ улс төрийн авлига хамгийн хортой нь тухайн ард түмний төр барих эрхийг зүй бусаар авч байгаа нэг хэлбэр учраас Олон улсад үүнийг хориглодог. Үүнд хамгийн гол буруу нь “сонгогчдын саналыг татах зорилгоор” гэсэн агуулга байгаа юм. Ялангуяа цагаан сарын үеэр иргэдийн амьжиргаанд нөлөөлөх зорилгоор хүнс тараадаг байдаг хавтгайрсан байна. Иймд сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийн авлигын шинжтэй үйл ажиллагааг таслан зогсоох ёстой” гэв.
Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48.1 дүгээр зүйлд:
48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
48.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах гэж заасан байдаг байна.