Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.01.24/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 11:00 цагаас хаалттай болохоор товлогдсон. Гэвч Ч.Маралмаа нь өөрийн өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ийнхүү хойшлуулсан юм.
Мөн өнөөдрийн хуралд Ч.Маралмаагийн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор амралттай байгаа тул өөр прокурор томилолтоор оролцсон байна.
Шүүх хуралдааны дараагаар осолд өртсөн хоёр охины нэг болох хохирогч О-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг "Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурал хойшилсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч болон улсын яллагч оролцсон. Прокурор солигдож орж ирсэн. Шүүгдэгч өөрөө ирсэн. Хуульчийнхаа хувьд, хохирогч бол насанд хүрээгүй хүүхэд. Энэ утгаараа амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна. Хичээлээ тараад явж байсан хүүхэд шүү дээ. Хохирогч охины биеийн байдал хэвийн байгаа" гэлээ.