УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар "Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалахтай холбоотой" хуулийн төслийг ЗГ-аас өргөн барьсан юм. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгсөн ба "Өнгөрсөн хугацаанд төр иргэний мэдээллийг боловсруулахдаа тухайн иргэнд огт мэдээлдэггүй байсан бол шинэ хуулиар мэдэгдэх хуудас хүргэдэг болсон.
Цахим үндэстэн болоход, иргэний мэдээллийг хамгаалах, кибер халдлагаас сэргийлэх ёстой гэсэн үндсэн хоёр зарчим бий. Иргэний мэдээлэл болон төрийн онц чухал мэдээлэл рүү сошиал инженеринг халдлага хийгддэг. Нэг ёсондоо нийт халдлагын 80 хувь нь сошиалоор дамжиж халдсан гэсэн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт гарсан. Тиймээс цаашид сошиал орчин дахь цахим зөв соёл, зохилстой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх шаардлагатай байна.
Цахим орчин дахь гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөж байна. Залилах, заналхийлэх, хөрөнгө завших, хөрөнгө завших, бага насны хүүхдэд садар самуун сурталчлах, уруу татах зэрэг гэмт хэргүүд тасралтгүй өсөж байгаа. Жишээлбэл, хүүхдэд садар самуун сурталчлах, уруу татах гэмт хэрэг 2021 онд хоёр удаа үйлдэгдэж байсан бол 2022 онд 37 болж нэмэгдсэн" гэв.