Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Амгалан: Гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд ч сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
12 минут 1 секунд

No description available.Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулиар гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд сэтгэл санааны хохирол олгох, гэмт хэргийн улмаас бүтэн өнчирч үлдсэн хүүхдэд 270 гаруй сая төгрөг олгохоор болж байгаа юм. Тиймээс хуулийн Ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.

-Шүүх шинжилгээний тухай хуульд 2009 оноос хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар сэтгэл санааны хохирлыг тооцох заалтууд орсон. Эл хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2009 оноос хойш энэ хуульд 10 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Анх удаа шинэчилсэн найруулга орж байгаа юм. Тухайн хуулийн 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж байгаа үед шинэчилсэн найруулга гэж үздэг. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Шүүх шинжилгээний тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Энэ дундаа шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 30-аад жилийн хугацаанд гэмт хэрэг маргааны улмаас хохирсон иргэд сэтгэл санааны хохирлыг хэрхэн, яаж тооцуулж авах вэ гэх асуудлыг тодорхой хэмжээнд хуульчилж өгсөн.

-Сэтгэцэд учирсан хор уршиг гэдгээ хуульд яг хэрхэн зааж өгсөн юм бэ?

-Энгийнээр хэлэхэд, иргэд маань сэтгэл санааны хохирол гэж ярьдаг. Хуульд сэтгэцэд учирсан хор хохирол гэж шигтгэж өгсөн. Олон улсын хэллэгээрээ ч, анагаах ухааны нэршлээрээ ч тэр сэтгэл санааны хохирол гэдэг нь сэтгэцэд учирсан хор хохирол гэдгийн нэг л бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзсэн байдаг. Яагаад гэвэл, олон улсын практикт сэтгэл санааны хохирлыг аргачлалын хувьд хүнд, хөнгөх, хүндэвтэр хэмээн үнэлсэн байдаг. Энэхүү аргачлалыг дагаж мөрдөхийн тулд ийнхүү хуульд тусгайлан зааж өгсөн. Энэ дотроо гэмт хэргийн улмаас хохирсон иргэд сэтгэл санааны хохирлоо хуульд заасан аргачлалын дагуу Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, шүүхээр нэхэмжлэх хууль эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг.

-Хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх явцад олон улсын практикт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх, тогтоох аргачлал ямархуу байдгийг бүрэн судалсан уу. Ер нь энэ талаарх судалгааг хуульд хэр шингээж чадсан гэж харж байгаа вэ?

-Олон улсын практикт янз бүрийн аргачлал байдаг юм билээ. Тухайн орны нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн түвшин, ДНБ, хөгжлийнхөө загварчлалаар өөр өөр гэсэн үг. Жишээлбэл, АНУ-д сэтгэл санааны хохирлыг тогтоох дээд хэмжээг зааж өгч, нэр төр, алдар хүндэд халдсан, гүтгүүлсэн, доромжлол амссан тохиолдол олон сая долларын нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол элбэг гэдгийг ард иргэд маань сайн мэдэж байгаа байх. Ер нь Европын өндөр хөгжилтэй орнууд хөгжлийнхөө шатнаас шалтгаалан янз янзаар л үнэлсэн байх нь бий. Гэхдээ гол аргачлал нь олон улсын эрүүл мэндийн тэр дундаа анагаах ухааны үндэслэл дээр гаргасан схемээр тооцож гаргадаг. Жишээ нь, БНСУ-д нас барсан иргэний нөхөн олговрыг 80 сая вон буюу монгол мөнгөөр 150-160 сая төгрөгөөр тооцдог юм байна.

-Нөхөн олговрыг хэмжээг тогтоох гурван аргачлал байгаа юм билээ?

-Анх удаа энэхүү аргачлалыг гаргаж байгаа. Мэдээж гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэн, түүний ар гэрт олгох нөхөн олговрыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ийм л үйл ажиллагаа. Үүнд үндсэн гурван аргачлал орж ирснийг дахин сануулья. Нэгдүгээрт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу хамгийн бага суурь үнэлгээ нь 82 сая төгрөг байхаар тогтсон. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болсонтой уялдуулан ийм дүн гаргасан.

Хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас амиа алдаж буй иргэдийн зарим тохиолдолд насны хувьд залуухан байхыг үгүйсгэхгүй. Энэ үүднээс Монгол Улсад мөрдөгдөж байгаа дундаж наслалтыг тооцож авч үзсэн. Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 орчим, эмэгтэйчүүдийн 75 орчим байна. Дундажлан авч үзвэл, 72 гэсэн нас гарч ирж байгаа юм. Хамгийн энгийнээр тайлбарлавал, 22 настай иргэн амь насаа алдсан байвал 50 жил хөдөлмөрлөх боломж бололцоотой байсан гэж тооцоход 127-128 орчим сая төгрөг гарч ирж байна.

Дараагийн аргачлал бол, гэмт хэргийн улмаас өнчирч үлдсэн хохирогчийн үр хүүхэд, ар гэрт энэхүү аргачлалыг 127-128 сая төгрөгийг 2 дахин нугалах буюу 260-270 сая төгрөгөөр нөхөн олгохоор оруулсан.

-Нөхөн олговрын хэмжээг шүүхийн шатанд нэмэгдүүлэх боломжтой гэдэг зүйл яригдаж байгаа?

-Хохирогч, түүний ар гэр өөрийн боломж бололцоотой асуудлаа шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд сайн гаргаж чадвал шүүх нөхөн олговрыг тооцож гаргахаар байгаа. Шүүх шинжилгээний шинэчилсэн найруулгаар тухайн иргэн ямар байдалтайгаар сэтгэл санаа нь хохирсон юм бэ гэдэгт шүүх шинжилгээний байгууллага аргачлалын дагуу л нарийн дүгнэлтээ гаргаж өгнө. Үүнийх нь дагуу шүүх нөхөн төлбөрийг гаргаж тооцно. Тиймээс нотлох баримтаа хангалттай гаргаж өгөх шаардлагатай.

-Эхний ээлжинд эрүүгийн 85 гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн сэтгэл санааны хохирлыг асуудлыг хуульчилж өгсөн-

-Олон нийт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх гэдэг талаас нь хуульд авууштай заалт орсон гэж харж байна. Гэхдээ нөгөө талдаа асуух зүйл их байна. Жишээлбэл, гэмт хэргийн улмаас амиа алдсан хүн, түүний ар гэр гэж л яриад байгаа. Өөрөөр хэлбэл, эзэн холбогдогчтой гэмт хэрэг. Тэгвэл золгүй байдлаар амь насаа алдсан иргэдийн ар гэрт олгох нөхөн олговрын асуудал энэ хуулийн заалтад багтаж орж ирсэн үү. Тухайлбал, Дарханы ШТС-д гарсан осол байна. Энэ бол өөрөө эзэн холбогдогч /гэмт этгээд/-гүй хэрэг байгаад байна. Аль эсвэл тухайн компанийг нь эзэн этгээд гэдгээр нь хамаатуулан хариуцлага тооцох юм уу?

-Шүүх шинжилгээний тухай шинэ хуульд эхний ээлжинд эрүүгийн 85 төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүс нөхөн олговор нэхэмжлэх аргачлалыг оруулж өгсөн. Хууль шинээр батлагдаж, нийгэм цаг үеийн өнөөгийн байдалд дөнгөж одоо л сэтгэл санааны хохирдлоо нөхөн төлүүлэх байдлаар мөрдөгдөж эхэлж байна шүү дээ. Ер нь иргэний хууль болон бусад хуулиудад ямарваа нэгэн байдлаар хохирсон иргэд шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Шүүх шинжилгээний хуулиар түгээмэл байх эрүүгийн 85 төрлийн гэмт хэргийг зааж өгсөн болохоос бусад хуулиараа нээлттэй гэж ойлгож болно.

-Нөхөн олговрыг гэм буруутай этгээд барагдуулна. Боломжгүй хүн байвал ялын хэмжээ нь нэмэгдэнэ гэж байгаа. Үүнийг хуульд яг тодорхой хэрхэн заасан юм бэ?

-Гэмт хэрэг тодорхой өөр өөр байдлаар үйлдэгдэж байгаа. Санамсаргүй, санаатай байдлаар гэдэг ч юм уу. Нөхөн төлбөрөө тодорхой түвшинд төлөөд этгээдийн ялыг тодорхой хэмжээнд хөнгөлөх боломж шүүхэд нээлттэй байгаа. Төлж чадахгүй тохиолдолд ял нь хүндрээд явна.

-Ер нь энэ шинэчилсэн найруулга шүүхийн процесс дээр хэрэгжээд явахад явах боломжтой гэж та бүхэн харж байна уу. Ямар нэгэн эрсдэл ч юм уу байхгүй юу?

-Нийгмийн цаг хугацаа, шатлалын дагуу хэрэгжээд явах ёстой. Гэхдээ шинэчилсэн найруулгыг хийхдээ олон улсын дадлага туршлага, өнөөгийн нөхцөл байдал, судалгаа шинжилгээг үндэслэн хийсэн тул цаашид хэрэгжээд явах бүрэн боломжтой гэж харсан.

-Олон нийтийн дунд маргаан дагуулсан хэргүүдэд дүгнэлт гаргасан шүүх шинжээч шүүх, прокурорын зөвшөрөөлтэйгөөр мэдээлэл өгөх заалтыг орсон-

-Нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалан шүүх шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал их үүсч, олон нийтийн хардлагыг төрүүлэх болсон. Шүүх шинжээчийн хариуцлага талаас ямархуу заалт орж ирсэн бэ?

-Тухайлсан шинжээчийн хувьд хоёр гол заалт орж ирсэн. Нэгдүгээрт, тухайн шинжээч хараат бусаар ажил үүргээ явуулах боломж бололцоотой болж байгаа. Энэ нь тусгайлсан пррограммаар санамсаргүй тохиолдлоор уг хэргүүд шинжээчид хуваарилагдах зарчмаар оруулсан. Хоёрдугаарт, тухайлсан олон нийтэд ил болсон хэргүүдэд шүүх прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шинжээч нар өөрсдөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таниулах мэдээлэх заалтууд орж ирсэн.

-Гэмт хэргийн улмаас амиа алдсан гэх тодорхойлолт л хуулийн хүрээнд гараад байна. Гэтэл сэтгэл санааны хохирол нь хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн асуудалд хэрхэн орж ирсэн бэ?

-Энэ иргэдэд өмнө хэлсэнчлэн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох аргачлалын хүрээнд тогтооно. Хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсан бэ гэдэг ч юм уу. Ер нь шинжээчийн өөрийнх нь мэргэшсэн байдал үүнд нөлөөлөх заалтууд орж өгсөн.

-Шүүх шинжилгээний байгууллага агентлаг болж тусдаа гарч байгаа. Бүтэц зохион байгуулалтын хувьд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Монгол Улсын хэмжээнд дэх аймгуудад тодорхой хэмжээнд шүүх шинжилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Боловсон хүчин, санхүүгийг бэрхшээлүүд их. Иймээс Шүүх шинжилгээний Ерөнхий газар хэмээн нэрлэгдэж байгаа байгууллага нь улсын хэмжээнд бүсчлэлийн хэмжээнд ажиллая гэх төлөвлөгөөг эхний ээлжинд тусгагдаж өгсөн.

-Ярилцсанд баярлалаа.

ШУУД ҮЗЭХ:

Өнөөдөр -19 хэмийн хүйтэн, цас орохгүй
Өнөөдөр -19 хэмийн хүйтэн, цас орохгүй
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.