Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Цэгмид: “Нийслэл хүүхэн“ кино надад “Гавьяат“ цол зүүлгэсэн

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
7 минут 2 секунд

Монгол Улсын Гавьяат Жүжигчин хэмээх цол алдрыг энгэртээ зүүгээд удаагүй ч урлагийн их тогоонд олон жил буцалж, өнөөдрийг хүртэл урлагаар хүмүүжиж, суралцаж, үр хойчдоо өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй нэгэн эрхэм бол МУГЖ А.Цэгмид гуай. Түүнийг монголчууд "Нийслэл хүүхэн" киноны "Ажаа"-гийн дүрээр сайн танина. Бүр хайрлан, хүндэлдэг.

Тэгвэл "Нийслэл хүүхэн"-3 буюу "Бал сар" бүрэн хэмжээний кино нээлтээ хийх торгон агшинд МУГЖ А.Цэгмид гуайтай хэсэг хором ярилцсанаа хүргэе.

-"Нийслэл хүүхэн" УСК-ны уран бүтээлчдийн ээж, эмээ, эгч нь болоод бүтэн гурван зуныг нэг гэр бүл мэт өнгөрүүлсэн байна шүү дээ. Мөн бүрэн хэмжээний кино болох "Бал сар" УСК нээлтээ хийлээ. Тиймээс юун түрүүнд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Залуучууд, тэр дундаа хошин урлагийн залуу жүжигчидтэйгээ хамтран ажиллахад маш их хурд, хүч, авхаалж самбаа шаардагддаг юм байна. Түүнийг хамгийн их мэдэрлээ. Мөн шинэхэн уран бүтээл маань нээлтээ хийж байгаад маш их баяртай байна.

-Зургийн багийн бие бүрэлдэхүүн яг таны хэлсэнчлэн ихэнх нь залуучууд байна шүү дээ. Тэдэнтэй хамтран ажиллахад юугаараа илүү онцлогтой байв?

-Тэдний хурд, хүч яах аргагүй намайг чангааж байна лээ. Би заримых нь хөгшин ээж, эмээ байх мөртлөө тэдний хурд хүчийг гүйцэж, бодож санаж байгаагаас нь хоцрохгүйн тулд их л хичээлээ.

-"Нийслэл хүүхэн" ОАК-ны нэгдүгээр бүлэг гарч байхад таны дасгал хөдөлгөөн хийж байгаа, иогоор хичээллэж байгаа дүр зураг цахим орчин хийгээд, кинон дээр гарсан шүү дээ?

-Би өглөө бүр дасгал хийдэг. Түүнийг маань манай найруулагч Жаргалсайхан мөн МУГЖ Алтанцэцэг, Баатархүү нар их овжноор харж, зохиолд нэмсэн байдаг. Учир нь бид өглөө бүр, орой болгон тухайн өдрийнхөө зураг авалтын тухай ярилцдаг.

Гэтэл нэг өдөр "Энэ Ажаагийн онцлог бол залуугаасаа спортоор хичээллэж байсан. Одоо 70 нас гарсан ч гэсэн өглөөд хийж байгаа дасгалыг нь хар. Үүнийг нь кинондоо тусгавал маш оновчтой юм бишүү" гэж ярьсан байсан. Тиймээс тэр хэсгийг нэмэлтэээр авч, зохиолд оруулсан байдаг. Түүнээс биш Ажаа дасгал хийнэ гэж зохиолд огт бичээгүй байсан.

-Таны хувьд спортоор хичээллэдэг байсан шүү дээ. Одоо ч мөн иогоор хичээллэж байгаа юу?

-Залуу байхдаа гимнастикаар хичээллэдэг байсан. Маш их эр зориг, тэсвэр тэвчээр шаарддаг. Магадгүй техникээ буруу хийвэл бэртэж гэмтэхээр спорт. Тиймээс нас ахиад ирэхдээ өөрийнхөө насны онцлогт тохирсон зүйлийг олж хийе. Ялангуяа иогоор хичээллэж, спортоос зодог тайлсан байдаг.

-Ажаагийн дүрийг харахад монгол ахуй, соёл, ёс заншлаа ихээхэн дээдэлдэг зарчимч монгол эмээгийн дүр харагддаг л даа. Битүүхэн айж байсан гэж хэлж болох юм. Тэгвэл энэ дүр таны хувь хүний зан чанартай хэр ойр байв?

-Миний хувь хүний зан чанар бол өвгөд, хөгшид, ээж, ааваасаа уламжилж, сурч мэдсэн хүмүүжил төлөвшилтэй ихээхэн холбоотой. Тэдний маань үлгэр дуурайллын ач буянаар энэ кинонд дүр бүтээхэд маш дөхөм байлаа.

Намайг хүүхэд байхад ээж, аав маань зүйр цэцэн үг эсвэл сургаал үгээр л загнаж, зэмлэдэг байлаа. Гуравхан үг хэлээд л загначихдаг байсан. Тиймээс ийм хүмүүжлээр хүмүүжсэн учраас дүртэй маань ч их ойр байсан юм болов уу.

Ажаагийн дүр бол ард түмний хайр хүндлэлийг маш их татсан дүр гэдгийг алхам тутамдаа мэдэрч байгаа. Хамгийн сүүлд л гэхэд "Өвөөгийн хайр" кинонд тоглож байхад намайг хүмүүс "Ажаа" байна гээд л дуудаж байгаа юм. Бүр заримдаа гудамжаар явж байхад Ажаатай зургаад даруулъя гээд хүүхдүүд гүйгээд ирдэг болсон. Тиймээс хүүхдүүдэд өгөх гээд байнга цүнхэндээ чихэртэй явж байгаа.

Энэ бүгдээс харахад ард түмэн надад, энэ дүрд минь ямар хайртайг мэдэрдэг. Мөн энэ их хайрыг нь дааж явах хатуу даалгаврыг өөртөө өгч байдаг.

Энэ кино, энэ дүр бол надад Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг зүүлгэсэн. Учир нь урьд өмнө ихэвчлэн туслах дүрд тоглодог байсан, хоёрдугаар зэргийн гол дүрийг маш цөөхөн бүтээж байсан. Тийм ч учраас ард түмэн намайг сайн таньдаггүй, нэр оноодоггүй байсан бол өнөөдөр өөрийн маань нэр А.Цэгмид биш харин Ажаа гэдэг болсон.

Бүр хөдөө явж байхад хүртэл нутгийн хүмүүс "Ажаа ирсэн гэнэ. Орж ирж цай уух юм болов уу" гэж асууж байсан. Гэтэл би тэр айлд ороод цай уугаад, дайлуулаад суух ямар гавъяа бүтээсэн хүн бэ. Тиймээс урлаг гэдэг бол маш гайхамшигтай, бахархууштай, эзэмшиж дуусдаггүй, цаг үргэлж суралцдаг мэргэжил юм байна гэдгийг цаг тутамд мэдэрч, ойлгож байна.

-Залууст хандаж Ажаагийн өмнөөс, МУГЖ А.Цэгмид гуайн өмнөөс үг хэлээч?

-Залуустаа хандаж хэлэхэд гадаад хэл суралгүй яахав, орон орноор аялалгүй яахав тэр бүхэнд монгол хэл, монгол соёлоо түгээн дэлгэрүүлж байхыг хүсэж байна. Мөн эх нутагтаа өөр хоорондоо эх хэлээрээ ярьж, гадаад үг хэллэгээс илүүтэй монгол үгээ ашиглаж, хэрэглэж байхыг уриалж байна.

Монгол хэлний үгсийн сан маш арвин шүү дээ. Гэтэл түүний 1000, 2000-хан үгэнд битгий яриарай. Хэл соёлоо хөгжлүүлээрэй, зөв хүн болж төлөвшөөрэй. Зөв л явбал замбуулин хүртэл зөөлөн шүү гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

ШУУД: Нийслэл хүүхэн “Бал сар” бүрэн хэмжээний УСК-ны нээлтийн үйл ажиллагаа
ШУУД: Нийслэл хүүхэн “Бал сар” бүрэн хэмжээний УСК-ны нээлтийн үйл ажиллагаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.