Гэрээсээ 10 гаруй тэрбум төгрөгөө хураалгаад буй С.Батдөлийг сулласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Тодруулбал, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 48 цаг хойшлуулшгүйгээр барьсан ч өчигдөр сулласан. Учир нь ЭЦГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд гаргасан ч Баянгол дүүргийн шүүгч Г.Золбоо өмгөөлөгч байхгүй, ажлын цаг дууссан гэсэн үндэслэлээр цагдан хорионы хурлыг хийгээгүй байна. Түүний эл шийдвэр бусдад хэргээ нуун далдлах хангалттай боломж олголоо гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа юм.
Тэгвэл С.Батдөлийг цагдан хорих шүүх хурал маргааш 10.00 цагаас товлогдлоо. Тус хурлаар түүнийг хорих эсэхийг шийдэх аж.
Сануулахад, энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй.
С.Батдөлийг цагдан хорих боломжгүй гэх шийдвэр гаргасан шүүгч Г.Золбоо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 42 дугаар зарлигаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдож байжээ.