Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай “Улсын онцгой комисс” байгуулагдсаны түүхт 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Хүн амыг байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослоос урьдчилан сэргийлэх, аврах, тусламж үзүүлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний бодлогыг цэгцэлж, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэдэг хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай удирдлагын бүтцийг боловсронгуй болгох зорилгоор гамшгийн үед ажиллах олон комиссыг нэгтгэж байнгын ажиллагаатай болгох шаардлага урган гарсан байна.
Иймээс УИХГ-ын санаачлагаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 276 дугаар тогтоол гаргаж, байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол, хүн, малын гоц халдварт өвчин, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул нөлөөллөөс хүн ам, улс ардын аж ахуй, байгаль орчныг урьдчилан сэргийлж хамгаалах, хор хөнөөлийг арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Улсын байнгын онцгой комисс /УБОК/-ыг Сайд нарын Зөвлөлийн дэргэд байгуулж, комиссын бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг баталсан түүхтэй юм.
Түүхэн 30 жилийн хугацаанд Улсын онцгой комиссын үйл ажиллагаа нийгэм, хууль эрх зүйн олон шинэлэг үеийг даван туулж, Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, мал, амьтан, хүрээлэн байгаа орчныг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бүс нутгийн хүчээр хэрэгжүүлэх бололцоогүй болж тусламж, дэмжлэг үзүүлэх талаар албан ёсны хүсэлт тавьсан буюу өөрийн санаачилгаар хүн хүч, техник хэрэгсэл, материаллаг нөөцийг зохих хууль тогтоомжийн дагуу дайчлан гаргах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавих үндсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн байна.