Тамхи гэдэг бол татах, үнэрлэх, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй нэг төрлийн бодис юм. Дэлхий дээр хэд хэдэн тамхины төрөл байдаг бөгөөд хамгийн их хэрэглэдэг нь янжуур тамхи. Тодруулбал, нийт хүн амын 23 хувь буюу 1,8 тэрбум хүн янжуур тамхийг хэрэглэдэг байна.
Тэгвэл энэ удаад тамхины төрлүүд болон онцлох тамхин бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Мэдээж хэрэг тамхин төрлийн бүтээгдэхүүн учир бүгд хүний биед тодорхой хэмжээний хор хөнөөл учруулдаг нь олон олон судалгаагаар нотлогдсон байдаг.
Янжуур тамхи
Бидний янжуур тамхи гэж нэрлээд байгаа зүйлийг дэлхийн тамхи үйлдвэрлэлийн зах зээлд болоод Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны баримт бичигт НДС буюу "никотин дамжуулагч систем" гэж нэрлэдэг.
20-р зууны дунд үеэс янжуур түгээмэл хэрэглэж эхэлсэн бөгөөд одоо хөгжингүй орнуудад янжуур татагсдын эзлэх хувь буурч, харин хөгжиж буй орнуудад энэ хувь өсч байна. Никотин, нүүрстөрөгчийн дан исэл, ацетон, хүнцэл, метан, полониум зэргээс эхлүүлээд маш олон химийн бодис нэг тамхинд агуулагддаг. Харин судалгаагаар тамхины утаанд 7,357 төрлийн химийн бодис агуулагддаг нь тогтоогджээ. Мөн тамхины утаа биед орох үед цусны улаан эстэй маш хүчтэй нэгддэг.
Үүнээс шалтгаалан тамхи татдаг хүмүүст хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг ба тамхи тогтмол татдаг үмүүст биеийн хүчний дасгал сургуулилт нь хүндхэн сорилт болдог нь дээрх шалтгаанаас үүсэлтэй. Мөн зүрх судасны өвчин эмгэг хийгээд нас баралтын шалтгааны тэргүүлэх эгнээнд янжуур тамхи орж байна.
Зөөлөн янжууран тамхи
Зөөлөн янжууран тамхийг хор хөнөөл багатай гэдэг ч энэ нь худал. Хэдий энгийн янжуур тамхийг бодвол давирхай болон никотины агууламж багатай ч дан ганц энэ хоёр бодисоор тамхины хор хөнөөлийг хэмжих боломжгүй. Түүнээс гана хайрцагны гадна талд бичигдээгүй бусад олон бодисууд түүнд агуулагддаг бөгөөд хорт хавдар үүсгэгч тодорхой төрлийн нэгдэл тамхинд нь биш давирхайд нь агуулагддаг байна.
Электрон тамхи
Цахилгаан тамхи нь никотиныг утаагаар бус уураар амьсгалах боломжийг олгож буй боловсронгуй хэлбэр бүхий тамхи юм. Электрон тамхи нь тамхинаас гарах хүсэлтэй муу зуршилаа хаях хүсэлтэй хүмүүст зориулагдсан ба янжуур тамхийг орлох гашуун амттай, тансаг үнэртэй ууршигч бодис юм. Тамхи ихээр татдаг хүмүүс никотины агууламжтай шингэн сонгож аажмаар багасгах замаар муу зуршлаасаа салдаг байна. Мөн ццахилгаан тамхины хоруу чанар нь янжуур тамхинаас 95 хувиар бага байдаг.
Ороомол навчин тамхи
Ороомол навчин тамхийг хүн бүр байнга хэрэглэх нь ховор. Нэг ёсондоо тийм ч түгээмэл тамхи биш юм. Мөн энэ төрлийн тамхинд агуулагдах хортой бодисын хэмжээ нэг хайрцаг янжуур тамхины хэмжээтэй тэнцдэг.
Дүнсэн тамхи
Дүнсэн тамхи нь энгийн янжуур тамхитай харьцуулахад агуулагдах хортой бодисын хэмжээгээрээ ижил. Мөн энгийн янжуур тамхины 0.5 хувийг хортой нэмэлт бодисууд эзэлдэг бол өөрсдөө ороодог янжуур /Дүнсэн/ тамхины 18 хувийг хортой нэмэлт бодисууд эзэлдэг байна.
Гаансан тамхи
Гаансан тамхины утаа нь уушгинд бүрэн хүрэлгүй зөвхөн аманд амтагдаад л өнгөрдөг. Гэсэн ч хүний биед хорт бодисууд нь бага хэмжээгээр орсоор л байдаг. Түүнчлэн гаансан тамхинд өндөр чанарын тамхинаас илүүтэйгээр энгийн тамхи ашиглагддаг ба цаас, цавуу шүүлтүүргүйгээр тамхилах нь мөн л хортой.
Шингэн тамхи
Шингэн тамхи энгийн янжуур тамхийг бодвол хор хөнөөл нь харьцангуй бага байдаг. Ядаж л энэ нь арай бага хэмжээний никотин татах боломжийг олгодог байна. Гэхдээ никотин агуулаагүй шингэн сонгосноор танд ямар ч аюулгүй гэж бодож бас болохгүй. Шингэн тамхины үндсэн орцонд пропелиний глицол агуулагддаг. Эдгээр нь халж задрахдаа формальдегид болон акролейнийг ялгаруулдаг.
Тамхин төрлийн бүхий л бүтээгдэхүүн өөр өөрийн гэсэн онцлог мөн сул талтай. Түүнээс гадна хүний биед үзүүлэх сөрөг нөлөөгөөрөө ч харилцан адилгүй байдаг. Магадгүй таны хор багатай гэж бодож буй тамхи ч гэсэн хүний биед бага хэмжээгээр хор учруулдаг гэдгийг дээрх баримтаас харж болох юм. Гэхдээ хамгийн чухал нь аль төрлийн тамхийг хэрэглэх нь хүний биед илүү сөрөг нөлөөлөл багатай вэ гэдгийг сайтар судалсны үндсэн дээр тамхийг хэрэглэх нь ирээдүйд гарах эрүүл мэндийн нөхцөл байдалд тань ч мөн эерэг нөлөө үзүүлэх аж.