“ЭТТ“ ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Өнөөдрийн нөхцөлд ЭТТ ХК-г нүүрсний хулгай нэрийн дор цөөхөн хэдэн хүн баяжих хэрэгсэл болгож буй энэ үед шинэ, зоримог алхам хийх ёстой. Цаашилбал нүүрсний хулгайг ч шийдэж чадахгүй, Ерөнхийлөгчийн шинэ жилээр хэлсэн үг шиг газрын баялагыг иргэд тэгш эзэмших боломжгүй болно. 2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа. Үүнийг 2022 оны 12 дугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэд маань Тавантолгой компанийн 40 хүртэлх хувийг эзэмших юм. Үнэ төлбөргүй эзэмшиж буй эрх нь Тавантолгой ХК-ийн ТУЗ-д төлөөлөл оруулах, Хяналтын зөвлөлд төлөөллөө оруулахаар дамжуулан хулгайг бүрэн зогсоох ач холбогдолтой болж буй юм.
2522 хувьцааг нэг иргэн эзэмшиж эхэлснээр жилд нэг хүн жилд ногдол ашгаасаа 2 сая төгрөг авах боломжтой болж буй юм. Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийг ЭТТ ХК-аас авна гэсэн үг. Нүүрсний хулгайг таслан зогсоох ач холбогдол бүхий тогтоолын төслийг санаачилж буй юм" гэлээ.