Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаадад буй иргэдээ эх орондоо татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногт ОХУ-аас нийт 500 оюутныг татан авах юм. Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр өнөөдөр /2020.05.25/ татан авах бол Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим монголчууд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа ирэх юм.