Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт болж өндөрлөв.
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагт хийхээр товлов.
Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн урдьчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон билээ.
Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар