Нийслэлийн орон сууцны корпорациас түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
НОСК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар: "Ковид-19 цар тахалтай тэмцэж буй төрийн албан хаагчдыг орон сууцжуулах, түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулах тогтоол гарч ажлын хэсэг гараад ажиллаж байна. Эхний ээлжинд 1300-1500 гаруй иргэнийг хамруулахаар тооцоо судалгааг хийсэн. Одоохондоо яг бүртгэл явагдах өдөр тодорхойгүй байна. Гэхдээ ирэх долоо хоногт асуудлууд тодорхой болно. Энэ талаарх тооцоо судалгааг бид хийгээд явж байсан.Одоо засгийн газрын тогтоол гарч, бидэнд чиглэл ирсэн учраас ажиллаад явахад ямар нэгэн асуудалгүй болж байгаа юм.
Өмнө нь хийсэн судалгаанаас үзэхэд 5000 орчим орон сууц зах зээл дээр борлогдоогүй байсан. Энэхүү судалгааг бид дахин судалж үзэхэд 4600 орчим орон сууц зах зээл дээр борлогдоогүй түлхүүр нь бэлэн байгаад байна.
Ипотекийн зээл иргэдэд хүнд дарамт учруулж байгаа учраас бид үүнээс хөнгөлөлттэй нөхцөлд байлгахыг зорьж байгаа. Түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрагдсанаар орон сууцны урьдчилгаа, хүүгийн дарамт бага болж байна гэсэн үг.
Түрээслээд өмчлөх хөтөлбөрийг өнгөрсөн 2019 онд хэрэгжүүлсэн. Тухайн үед 35 мянган иргэн өргөдөл өгч байсан. Үүнээс ямар их эрэлт хэрэгцээ байгаа нь харагдаж байна. Сангийн яамнаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа. Эхний ээлжинд 100 тэрбум төгрөгөөр эхлэхээр төлөвлөөд байна" гэв.