Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.07.04) хуралдаан 17 цаг 00 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 5.1.4, Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтын 4.2.10 заалтын хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах зорилгоор ажиллах юм байна. Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Туваан, С.Чинзориг, Ч.Ундрам нар ажиллаж буй юм.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Үндэсний аудитын газраас Нийгмийн бодлогын байнгын хорооны харьяа дөрвөн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, нэг байгууллагад “зөрчилгүй”, гурван байгууллагад “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр, Нийгмийн бодлогын байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар товч танилцууллаа.