Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа хуралдаж, нийт 35 асуудлын хүрээнд 2 хуулийн төсөл, 2 Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 17 Байнгын хорооны тогтоолын төсөл, 2 хяналт шалгалтын тайлан, 5 яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл, 2 албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн.
Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 1 танилцуулгыг бэлтгэж холбогдох Байнгын, Дэд хороонд хүргүүлж, ажлын хэсгийн 2 танилцуулгыг бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 13 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 3 саналын томьёололыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллав.
Байнгын хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 2 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 17 тогтоолыг баталж, 3 нийтийн сонсгол, 3 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 7 ажлыг зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 байгуулан ажилласнаас 4 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг
1.Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.04.12-ны өдрийн 09 дүгээр тогтоол. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.
2.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр Б.Бейсен, Б.Жаргалмаа С.Одонтуяа нарын гишүүдээс 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.04.20-ны өдрийн 10 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.
3.Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.05.10-ны өдрийн 12 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн П.Анужинаар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.
4. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 5.1.4, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын хавсралтын 4.2.10 дахь заалтын хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.05.15-ны өдрийн 17 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Туваан, С.Чинзориг, Ч.Ундрам нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.