Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.10.04) хуралдаан 10 цаг 15 минутад 58.8 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-гийн талаар Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонсох асуудлыг хэлэлцэв.
Тайланг танилцуулж Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат хэлэхдээ аудитын зорилго нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогыг хэрэгжүүлэхдээ хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжсэн эсэхэд дүгнэлт өгөх, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад чиглэсэн. Аудитын зорилтыг хангахын тулд нэгдүгээрт, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо хангагдсан эсэх, хоёрдугаарт төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгийн зарцуулалт үр ашигтай байгаа эсэх гэсэн хоёр дэд зорилтын хүрээнд аудитыг хийсэн гэв.