ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газраас гурван хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байна. Тодруулбал, Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт тааварт тоглоомын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Өмнө нь казиногийн тухай хуулийг баталж гаргаж байсан ч тухайн үед үүссэн нөхцөл байдал, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгосон түүх байдаг. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд яах аргагүй Казиног байгуулах шаардлагатай.
Дэлхий дахинд морин бооцоот тэмцээний хоёр үндсэн хэв шинж хадгалагддаг. Нэг нь ашгийн төлөө, нөгөөх нь ашгийн төлөө бус. Бид ашгийн төлөө бус хэв шинжээр нь явуулна.
Хэн нэг хүн казиногийн лиценз аваад бусдад дамлаж зарах боломжийг энэ хуулиар хааж өгсөн. Оролцогч Монгол Улсын Засгийн газарт 300 саяас дээш ам.долларын бодит хөрөнгө оруулалт оруулахаа илэрхийлсэнээр тухайн өрсөлдөөний явцад казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно. Тодруулбал, 1 их наяд төгрөг гэсэн үг. Үйл ажиллагаа эхлүүлснээс хойш өдөр тутмынх нь орлогын 40 хувийг нь казиногийн орлогын албан татвар болгож хураана. Бид үүнийг судалж байж, хийсэн. Түүнээс санаанаасаа зохиогоогүй. Олон улсын туршлагаас санаа авсан" гэлээ.