Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Монгол Улсын дархан хил газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудлаар хамаагүй улс төржиж болохгүй. Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хамаагүй жиргэж болохгүй.
Монгол Улсын хилийн бүсийг нааш нь татсан, дахин зурвасыг тогтоох гэж байгаа юм байна гэх зүйл байхгүй. Манай улс БНХАУ, ОХУ-тай хилийн маргаангүй. Урд хилээ НҮБ-аар баталгаажуулсан учир хилийн тор, багана, координат хөдлөх ямар ч асуудал байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Орон нутгийн эрх мэдэл бүхий дарга нар хилийн бүс рүү тэлж газар олгосон, суурьшлын бус бүс бий болгосон асуудлууд байгаа. Тийм учраас улсын тусгай хэрэгцээнд авахгүй бол болохгүй. Ганц манайх ч авдаг биш.
ОХУ 1958 онд хилийн гэрээ байгуулахдаа өөрийн газар нутгийн 15 км-ийг харин БНХАУ 25 км-ийг улсынхаа тусгай хэрэгцээнд авсан. Манай улсын хувьд тусгай хэрэгцээнд авах хуультай, түүнийгээ УИХ-ын тогтоолоор баталгаажуулж байгаа юм. Хилийн бүсийг хөдөлгөж ашигт малтмалын лиценз олгох гээд буй асуудал байхгүй.
Дархан цаазтай, тусгай хамгаалалттай, тусгай хэрэгцээний газрууд хуулиараа зохицуулагддаг. Хилийн 15 км доторх газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа юм" гэв.