Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр цас орж эхэлснээс хойш 234 тонн давс, 171 тонн бодис цацаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

Нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 24-ний 17:00 цагаас хойш 15 цагийн турш цас орсон. Иймд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь өөрийн хариуцдаг 180 км гаруй зам буюу гол магистрал замууд, өгсүүр, уруу хэсгүүдэд халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацжээ. Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жил Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн 250 орчим үйлчлэгч давс, бодис цацдаг тусгай зориулалтын 14 машин, хоёр портер, зам цэвэрлэгээний 12 машин, бичил 17 техниктэйгээр давс, бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна. Өгсүүр, уруу хэсгүүдэд өчигдөр орой 20:00-21:00 цагийн хооронд давс, бодис цацсан. Үүнээс хойш одоогоор 75 рейсээр 234 тонн давс, 171 тонн бодис цацаад байна. Шөнийн цагаар тусгай зориулалтын 14 машин, зам цэвэрлэгээний 12 машин, бичил 15 машинтай ажиллаж байгаа. Өглөөний 06:00 цагт зам талбайн үйлчлэгчдийн ажил эхэлсэн. Манайд өдгөө 220 тонн давс, 330 тонн бодисын нөөц байна. Давс, бодисыг тогтмол бүрдүүлж байгаа тул нөөц хангалттай бий. Мөн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин хүрэлцээтэй байгаа. Бааз дээр 100 гаруй хүн, зам талбай дээр 300 орчим хүн байнгын бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Өнөө шөнөдөө ч үргэлжлүүлэн ажиллана” гэв.Өдрийн цагаар замын түгжрэл, ачаалал үүсэхээс сэргийлж холбогдох байгууллагууд шөнийн ээлжээр ажиллаж байгаа юм. Энэ мэтчилэн Хот тохижилтын газраас өөрийн хариуцдаг томоохон магистрал замуудын цасыг хусаж, нимгэлэн, давс, бодис тогтмол цацаж байна.

Дүүргүүд ч мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж буй. Тухайлбал, Хан–Уул дүүргийн хэмжээнд тохижилт үйлчилгээний таван байгууллагын албан хаагчид өглөөний 04:00 цагаас эхлэн ажилласан. Ийнхүү тус дүүргийн явган болон авто замын халтиргаа гулгааг арилгахаар 99 хүний бүрэлдэхүүнтэй баг 18 техник хэрэгслээр 45.2 тонн давс, хоёр тонн бодис цацсан юм. Мөн эрсдэлтэй бүс буюу Айдсын даваа, Морингийн даваануудад онцгойлон анхаарч байна. Ингэхдээ Морингийн даваанд ковшоор цас түрэн, давс цацах ажил үргэлжилж байгаа бол Айдсын даваанд автогрэйдерээр хусалт хийж, давс цацсаны үр дүнд халтиргаа арилж, зорчих хэсэг чөлөөтэй болжээ.

Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ
Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.