Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын 2022 оны жилийн эцсийн “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр Аймгийн нутгийн удирдлагын ордны хурлын танхимд зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнийг тус цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хариуцан ажилласан бөгөөд цагдаагийн газрын алба хаагчдаас 2022 онд гаргасан зөрчил, түүний шалтгаан нөхцөл, цаашид хэрхэн ажиллах чиглэлээр сэдэв өгч алба хаагчдыг 4 багт хуваан “Хэлэлцүүлэг” хэлбэрээр зохион байгуулсан нь алба хаагчдын оролцоонд тулгуурласан онцлог арга хэмжээ болсон юм.
Зөвлөгөөнд оролцсон алба хаагчид тулгамдаж буй асуудлаа багаараа хэлэлцэн шийдэх арга замыг тодорхойлж нийт алба хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэн 2023 онд сахилга хариуцлага, хуульч ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар уриалга, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл гарган хамт олны хамтын шийдвэрээр батлан ажиллалаа.
Мөн энэхүү зөвлөгөөний үеэр урилгаар цагдаагийн газрын дэргэдэх “Ахмадын зөвлөл”-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ганбаатар, ахмад ажилтан хошууч Д.Оюунгэрэл нар оролцон алба хаагчдад сургамж, зөвлөмж өгч, аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Б.Нямсүрэн “Өсөх хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулж, 2022 онд ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлэн ажилласан Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтанзаяа, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Тэгшжаргал, Хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Очирсүх, Нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Э.Нансалмаа нарыг Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр шагнаж, тус цагдаагийн газраас дэвшин томилогдсон цагдаагийн хошууч Ц.Буянтогтоход хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулан ажиллалаа.