(Essay)
UB маань хот биш аварга том тосгон болчихлоо. Хог, мөс, нус, цэр, утаа, түгжрэл, хашаа, хаалт...
Хотын үүрэг бол нэн түрүүнд иргэддээ үйлчлэх. Цэвэрлэгээ, засвар, тохижилт, аюулгүй байдал, ногоон байгууламжинд дэлхийн том хотууд хамгийн их санхүүжилт зарцуулдаг.
Манайд байшин барилга, зам гүүр, усан оргилуур санхүүжүүлж байна. Ойлгоход хэцүү биш. Дарга нарт унц ихтэй болохоор тэгдэг байх.
Хөлдүү автобуснуудаа яая гэж байж метро, дүүжин тээвэр яриад элийрнэ. Эхлээд байгаа юмаа өөд нь татах, нөөц бололцоог нь тултал шавхах санал энэ олон төлөөлөгч, дарга нарын хэнээс ч гарахгүй байгаад үнэхээр гайхах юм.
Нийтийн тээврээ хувьд гаргачих. Ямар ч хайр байхгүй бүгд мөнгөө төл гэхэд их зүйл өөрчлөгдмөөр харагдаад байгаа юм даа. Энэ их эрчим, хөдөлгөөн, суурьшлын хурдыг өнөөгийн нийтийн тээврийн менежмент чинь гүйцэхээ больсон нь нотлогдоод удаж байна.
Микро автобус явдаг байхад ингэж удаан хүлээж, бөөн бөөнөөрөө мах шиг чихэлдэггүй байсан юм шүү!! Бүдүүлэг ч гэсэн хүлээлгэдэггүй, хүртээмжтэй, ойлгомжтой байж.
Төв талбай дээрээ өчнөөн олон саяар ёлк каток баричихаад гудамж замын мөс хайлуулах давсны мөнгөгүй сууж байна гэдэг юу гэсэн үг вэ?
Хотын иргэд энэ улсад хамгийн ихээр хохирч хэлмэгдэж байна. Хотынхны хүсэл хотын удирдлага хоёр хэзээ ч хоорондоо холбоо хамааралтай байсангүй.
С.Амарсайхан, Д.Сумьяабазар яг хэн нь хотынхны фээврит гэж? Ийм дарга томилно гэсэн бол нийслэлчүүд МАН-д саналаа өгөх байсан уу?
Хотын засаглал хотынхныг төлөөлөх чадамжгүй, намын эрх ашгийг л төлөөлж байна. Хотын төлөөлөгч гэж их хурлын гишүүн болохын өмнөх түр бууц. Хотын дарга гэж сайд болохын өмнөх буудал маягийн юм боллоо. Хоноцын ийм сэтгэлийг хүний муу биш системийн гажуудал бий болгоод байна.
Өнөөгийн ийм засаглал, менежментээр хотын өдөр тутмын эрчимт амьдрал, эдийн засгийн тэлэлтийг гүйцэж шийдвэрлэх аргагүй болсон гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.
Бизнесийн зарчмаар үзүүлж болох үйлчилгээг бизнесийнхэнд өгье. Эцэст нь хотын даргаа хотын иргэд өөрсдөө сонгодог больё. Олон дүүрэг, төлөөлөгч, орлогч, үүрэг давхардсан олон агентлаг, уялдаа холбоогүй хөгжлийн саад болсон бүтэц бүтээж намчдыг үүрлүүлдэг тогтолцоог нураая.