Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавирус /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 онд тавдугаар сард зохион байгуулах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг хорио цээрийн дэглэм дуусах хүртэл хойшлуулж байгаа талаар “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдэгджээ.
Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн тавдугаар сарын 3 дахь долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтоод байсан юм.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа билээ.
Өнгөрсөн жилийн хувьд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32,000 гаруй гүйгчид оролцсоноос 400 гүйгчид нь гадаадын 30 орноос оролцсон байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс