Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлэв.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn/ цахим системд Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн нэр дэвшигчийн мэдээллийг үндэслэн 13 нам, 4 эвсэл, бие даагч болох нийт 698 нэр дэвшигчийн ХОМ мэдүүлэх эрхийг цахим системд үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нэр дэвшигч буюу 92.6 хувь нь ХОМ-ээ гаргаж баталгаажуулсан, харин 51 нэр дэвшигч мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.
Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх, анхаарах асуудлын талаар тус газраас гарын авлага зөвлөмж, брошур болон дэлгэрэнгүй видео зааварчилгаа зэргийг боловсруулж тус газрын www.iaac.mn цахим хуудсанд байршуулж мэдээлэл арга зүйгээр ханган ажилласан.
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим сайтад байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн орлого, хөрөнгийн байдалтай иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар