Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Жагсагчдын зүгээс бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл гаргасныг шуурхай таслан зогсоов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 16 секунд

Жанжин Д.Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчидтай тэмцэж буй жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж буй юм. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас дээрх хугацаанд гарсан зөрчил маргааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Тодруулбал,

"Энэ оны 11 дүгээр сарын сүүлээр цахим орчинд нэр бүхий иргэдийн зүгээс олон нийтийг эсэргүүцлийн жагсаал, цуглаанд уриалж, “Нэрсийг зарла, хөрөнгийг хураа” гэх агуулгатай мэдээллүүдийг идэвхтэй түгээж эхэлсэнтэй холбогдуулан 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулж, 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа дагаж мөрдөх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан бөгөөд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулах нь хуулиар хориотой хэдий боловч, цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд хүндэтгэлтэй хандаж, хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, тэгш байдлыг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас иргэдийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хугацаанд жагсаал, цуглаантай холбоотой цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн 1, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа 5, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 8 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн шинжтэй 28 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 25-ыг нь шийдвэрлэж, ажиллагаанд 3 зөрчил байна.

Жагсаал цуглааны үед жагсагчдын зүгээс чулуу, гарын доорх бусад материалыг ашиглан эсэргүүцэл үзүүлснээс 8 алба хаагч гэмтэж, бэртсэнийг яаралтай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад хүргүүлж, цагдаагийн 1 алба хаагчийн хамрын яс хугарсан тул Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгэн, хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны үеэр гэмт хэрэг, зөрчлийн улмаас шалгагдсан иргэдийг албадан саатуулсан, цагдан хорьсон тохиолдол байхгүй бөгөөд мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх зорилгоор дотоодын шат шатны хяналтыг сайжруулах, Хүний эрхийн үндэсний комисстой мэдээ, мэдээллийг солилцон ажилласны үр дүнд хүний эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл гараагүй.

Жагсаал, цуглааны нөхцөл байдалд дүгнэлт хийхэд өдөрт дунджаар 800-2500 орчим иргэд жагсаал, цуглаанд оролцож, энэ оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн давхардсан тоогоор 56 иргэн суулт хийж байна.

Жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллагаас жагсагч иргэдэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангаж оролцох, бага насны хүүхдийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх талаарх зөвлөмжийг Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хэвлэл, мэдээллийн байгууллага болон тухайн газар, оронд чанга яригчаар тасралтгүй хүргэж, жагсагчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Гэсэн хэдий ч жагсаал, цуглаанд оролцогчид согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгаж, зөрчил үүсгэх, морь мал, амьтан оролцуулах, өөрийгөө шатаах зэрэг үйлдлүүд гарсаар байна.

Мөн энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд жагсагчидруу дайрч биед нь халдах оролдлого хийх явцад цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, нийт 15 иргэнд холбогдох шалгалтыг явуулж, 8 иргэнийг эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгч, анхан шатны тусламжийг үзүүлсэн.

12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд жагсаал, цуглаанд оролцогчдоос бие дээрээ шингэн зүйлс асгаж өөрийгөө шатаах үйлдэл гаргасан бөгөөд дээрх үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тухайн үйлдлүүдээс үүдэн гарах эрсдэлийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.1 дэх хэсэгт заасны дагуу жагсаал цуглааныг зохион байгуулж буй нэр бүхий иргэд хүлээх хариуцлагатай гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байна.

Мөн тухайн жагсаал цуглаанд оролцогчдын зорилгыг алдагдуулах, эмх замбараагүй байдалд өдөөн турхихрах, зорилготой гадна, дотны санхүүжилттэй байж болзошгүй иргэдийг цагдаагийн байгууллагаас тухай бүр холбогдох шалгалтыг хийж ажиллаж байгааг иргэд маань зөвөөр ойлгох хэрэгтэй" гэв.

У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар нарын тухай кино “хийжээ“
У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар нарын тухай кино “хийжээ“
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.