Өнгөрсөн долоо хоногт Афганистаны Кабул дахь амаржих газар руу зэвсэглэсэн этгээдүүд дайрч, гал нээн, 24 хүний аминд хүрчээ. Тэдгээрийн 16 нь жирэмсэн болон дөнгөж амаржсан ээжүүд байсан аж.
Халдлагад өртөн нас барсан ээжүүдийн дотор Амина гэх нярай охины ээж байсан бөгөөд харин охин өөрөө хөлөндөө 2 буудуулсан ч эсэн мэнд үлдэж чадсан байна. Эмч нар охиныг үнэхээр азтай байсан, амьдрах хувьтай нэгэн хэмээн хэлжээ.
Харин Амина охины аав довтлогч этгээдүүд дөнгөж төрсөн нярай болон тэдний ээжүүдийн амь насыг хохироосон цочирдом хэргийн гэрч болжээ.
Тэрээр энэ талаар ярихдаа “Амина яг эмнэлэгт халдлага эхэлж байх үед төрсөн. Би эхнэр дээрээ очихоор эмнэлэг рүү ороход шалан дээр, коридоорт үхлүүт хэвтэж буй хүмүүстэй таарсан. Тэгээд шууд л эхнэр рүүгээ залгахад тэр “Эмнэлэгт алуурчид ороод ирсэн юм уу?” гэж надаас асуусан. Би түүнийг цочролд оруулагүйн тулд “Үгүй дээ, тийм биш, мөргөөлдөөн гадаа болж байгаа, чи дотор нуугдах хэрэгтэй гэж зөвлөсөн.” Тэгээд утсаа таслаад яаран эхнэр дээрээ очиход тэр хөл болон зүрхэндээ буудуулсан ч охиноо гартаа тас тэвэрсэн хэвээр байсан.” хэмээн ярьсан байна.
Эмч нарын үзэж буйгаар халдагчид зориудаар ээжүүдийг өөрсдийн бай болгосон гэжээ.
Амина охин халдлагын дараа яаралтай мэс засалд орсон байна. Улмаар эмч нар Аминагийн аавыг эхнэрээ оршуулж байх үед залган, охины хөлийг тайрах хэрэгтэй болсон талаар хэлжээ. Харин аав нь “Амина бол ээжгүй хүүхэд. Дээр нь хөлөө тайруулчихвал түүний ирээдүй бүр ч хэцүү болох болно.” гээд хөлийг нь тайрахгүй байхыг эмч нараас хүсчээ. Азаар мэс засал амжилттай болж Амина охин хөлөө тайруулахгүйгээр эсэн мэнд үлдэж чадсан байна.
Эх сурвалж: BBC