“Нүүрсний хулгайчдыг” зарлахыг шаардсан иргэдийн жагсаал эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ. Жагсаалтай холбогдуулан Засгийн газар Эрүүгийн хуулийн авлига албан тушаалтай холбоотой заалтыг чангалах төслөө өнөөдөр бэлэн болгож тун яаралтайгаар УИХ-д өргөн барина гэдгээ саяхан мэдэгдсэн.
Харин өчигдөр АТГ-аас 17 хүний нэрсийг зарласан үйл явц нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн мэдүүлэгтэй шууд холбоотой гэдгийг өчигдрийн нийтлэлээрээ хүргэсэн. Мөн Б.Ганхуяг нь Эрүүгийн хуулийг чангаруулахаас урьтаж хэрэг наймаалцаж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр зэхэж буй талаар эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ өөрсдийгөө нүүрстэй ямар ч холбоогүй гэж хэвлэлээр дамжуулан мэдүүлээд буй 17 хүний талаар Б.Ганхуяг юу гэж мэдүүлсэн болон эдгээр хүмүүсийн холбоо хамаарлын талаар өгүүлье.
Нэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, сайд асан Д.Ганбат нарыг “нэг бөмбөлөг” гэж нэрлэх нь зүйтэй. Бөмбөлөгт тээврээс үүдэлтэй “бөмбөлөг” гэх нэршил тээврийн жолооч нарын дунд тун алдартай хэллэг болсон гэдгийг энэ дашрамд сонирхуулъя.
Тэгвэл 10 гаруй жил үргэлжилсэн нүүрсний асуудлыг “гол тоглогч” бол Х.Баттулга. Анх төмөр замыг “нураахаас” эхлээд өөрийн автортой төмөр замыг бариулж, бүх гэрээ хэлцлийг нь ҮАБЗ-ийг ашиглан нууцад оруулах ажлыг Х.Баттулга гүйцэтгэсэн. Түүнтэй холбоотой нүүрс, төмөр замын хэрэг бүрийг дурдвал учиргүй урт жагсаалт гарна. Товчхондоо, дээрх гурван хүн бол Х.Баттулга гэдэг хүний хэрэгт холбогдож шалгагдаж буй. Үүнийг Б.Ганхуяг хуулийнханд мэдүүлжээ.
Хоёр, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын өмнө нь шалгагдаж байсан хэргээрээ нэг “бөмбөлөг” болсон аж. Өөрөөр хэлбэл, орон нутгийн гэгддэг Тавантолгой болон нүүрс тээврийн хэргээр шалгагдаж байсан хэргүүдийг нь сая хуулийнхан сэргээж шалгаж буй гэсэн үг.
Гурав, Ц.Анандбазар, З.Энхболд нар бас нэг “бөмбөлөг”. Өнөөдөрхөн бурханы шашинтай тул хулгай гэж мэдэхгүй хэмээн мэдүүлсэн Ц.Анандбазар гишүүний талаар Б.Ганхуяг мөн л адил дуугүй өнгөрсөнгүй. Тэрбээр, Ц.Анандбазар болон З.Энхболд нарыг “Страто” ХК-ийн ард байдаг гэж мэдүүлсэн гэнэ. Хамгийн ноцтой нь, Б.Ганхуяг эдгээр хүмүүсийг коксжсон нүүрс гэдэг нэрийн дор эрчим хүчний нүүрс гаргадаг байсан. Үүний үнийн зөрүүнээс маш их хэмжээний ашиг болсон гэж мэдүүлсэн байна.
Дөрөв, Б.Баттөмөр гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-д өөр компани оруулахгүйгээр давуу эрхтэй эдэлж түлш “шахдаг” байсан хэмээн мэдүүлжээ. Түлш нийлүүлдэг байсан компани нь Б.Баттөмөр гишүүний хамаарал бүхий компани болох “Тэспетролиум” юм.
Тав, Ц.Сэргэлэн гишүүний хувьд дангаараа шалгагдахгүй бололтой. Түүний араас АТГ-ын дарга асан Б.Энхжаргал, Улсын Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан тэргүүтэй хуулийнхан. Мөн 2010 оноос хойшхи Гаалийн дарга нар болох Б.Асралт нарыг шалгах эхлэх гэнэ.
Зургаа, Н.Наранбаатар тэргүүтэй Өмнөговь аймгийнхан болох Р.Сэддорж, Б.Эрдэнэ-Очир, Б.Бадраа, Х.Мандахбаяр нарыг нэг багц болгон шалгаж буй аж. Тодруулбал, эдгээр хүмүүс орон нутгийн өмчит Тавантолгой компанийн өнгөрсөн хугацаанд бүхий л эрх мэдэлтнүүдийг томилсон. Мөн ноогдол ашиг, шахаа гээд тоймгүй олон асуудалд холбогдсон аж. Үүн дээр нэмэгдэж, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ эдгээр хүмүүстэй хамааралтайгаар давхар шалгагдаж буй юм байна.
Мөн Н.Наранбаатар гишүүнийг орон нутгийн өмчит Тавантолгойд нүүрсний машин явуулдаг гэх мэдүүлгийг өгсөн гэнэ.
Долоо, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг Б.Ганхуягийн өмнө удирдаж байсан А.Ариунболдтой холбогдуулан шалгаж буй аж. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой нүүрсний асуудалд А.Ариунболд Б.Ганхуягаасаа дутахгүй “шигдсэн”. А.Ариунболдыг нь Ш.Раднаасэд гишүүн зүтгүүлж томилуулж байсан гэнэ. Тиймээс А.Ариунболдтой холбоотой асуудалтай гэрээ, хэлэлцээрүүдийн цаана Ш.Раднаасэд гишүүнийг холбогдуулан шалгаж буй юм байна. Дашрамд сануулахад, А.Ариунболд болон Ш.Раднаасэд гишүүн нар нь нэг нутаг ажээ.
Г.Лхагвадорж