Засгийн газар өнгөрөгч Баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй есөн оффтейк гэрээг ил болгосон. Эдгээр дунд "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Бодь интернэшнл" ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ "НУУЦ"-ын зэрэглэлд багтсан байдаг. Эл гэрээг анх 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр үзэглэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гэрээнд гурван удаа нэмэлт өөрчлөлтийг оруулжээ.
Ингэхдээ "Бодь интернэшнл" ХХК "Тавантолгой Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсний төлбөрийн тодорхой хувийг "Эрдэнэт Тавантолгой" ХК-иас 2019-2024 онуудад нүүрс нийлүүлэх замаар нөхөн барагдуулахаар тохиролцжээ. Харин нүүрс нийлүүлэх суурь үнийг нэг тонныг нь 60 ам доллар байхаар гэрээлсэн байдаг.
Түүнчлэн 2020 онд гэрээнд оруулсан өөрчлөлтөөр нүүрсийг зөвхөн Гашуунсухайт Ганцмод боомтоос гадна Замын-Үүд Эрээний боомтоор нэг тонн тутмыг нь 60 ам доллараар экспортлохоор болжээ.
2019 оны байгуулсан гэрээний нөхцлөөр нийт 682,1 сая ам долларын дүн бүхий "бартер"-аар нүүрс нийлүүлэх хуваарь, хэмжээг тогтоосон байсан боловч 2020 онд өөрчлөлт орж, гэрээг дахин үзэглэжээ. Ингэхдээ 2019 оны арванхоёрдугаар сард 90 сая ам долларын нүүрсний нийлүүлэлт хийснийг нэмж оруулж, нийт нийлүүлэх нүүрсний хэмжээ 896,8 сая ам доллар болж нэмэгджээ.
-Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд нэмж 213 сая ам доллар шаардлагатай болсон гэж тусгажээ-
"Тавантолгой Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ТЭЗҮ-д дурдагдсанаар анх 1 тэрбум 68 сая ам доллар шаардлагатай гэснийг 2020 онд оруулсан өөрчлөлтөөр ТЭЗҮ-ийн тодотголд заасны дагуу 213 сая ам доллар нэмж шаардлагатай хэмээн өөрчилжээ.