Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг.
Энэ жил хуульд заасан нөхцөл, шалгуурын дагуу урьдчилсан байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745, хоёрдугаар зэргийн одон хүртэх 10160 гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ.
Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй байхаар шийдвэрлэлээ.
“Одонгийн мөнгө” авахын тулд бичиг, баримт бүрдүүлэх шаардлагагүй.
Энэ онд “Эхийн одон”-г гардуулахгүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд одон олгох зарлиг гаргаж, цар тахлын аюул эрсдэл арилсан үед гардуулна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбогдох яамдтай санал солилцож, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасан “одонгийн мөнгө” авах шаардлагыг хөнгөвчилж байна.
Тухайлбал, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “…үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх” гэж заасны дагуу Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийг цахим тогтолцоонд шилжүүлэв.
Өөрөөр хэлбэл, одонгийн мөнгө авахыг хүссэн ээж “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлж дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгдөг байсан бол энэ жил дээрх бичиг, баримтыг бүрдүүлэх шаардлагагүйгээр “одонгийн мөнгөө” авах боломжтой болж байна.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба