Ерөнхий сайд өчигдөр өөрийн биеэр гарч ирж мэдээлэл хийхдээ нүүрсний хулгайч нарт хандан Монголын төр "нүд, чихтэй" гэдгийг санаарай хэмээн хатуухан анхааруулав. Үүнтэй адилаар нүүрсний хулгайн асуудал хэдэн эрх баригчдын "гараас" хальж, олон нийтийн хараанд орсон гэдгийг өчигдрийн жагсаал батлаад өгөв бололтой. Товчхондоо, нүүрсний хулгайч нарт Монголын төр харин эрх баригчдын үг, үйлдэлд ард түмэн нь "нүд, чих" болох агуулга энд харагдаж байна.
Төрийн өмчит компаниудын нүүрс дагасан хулгайн асуудал "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас сөхөгдөж эхэлсэн. Энэ хүрээнд тус компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод буй. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д оффтейк нөхцөлтэй дөрвөн гэрээ байгаагийн нэг нь МАШ НУУЦ, 1 НУУЦЫН зэрэглэлтэй. Гэвч нүүрсний хэрэгтэй тэмцэх ажлаа оффтейк гэрээг ил болгохоос эхлүүлнэ хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэнээс даруй нэг сар орчмын хугацаа өнгөрсөн байхад тодорхой ахиц гараагүй хэвээр байна. Тэгвэл одоо асуудалд арай өөр талаас хандах гээд үзье. Зөвхөн Засгийн газар, УИХ дээр хэлж яриад байлгүй гэрээг ил болгох асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд ярьж, хэлэлцье.
Нүүрсний хулгайн асуудлыг ил болгож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэх байр суурь дээрээ ҮАБЗ нэгдэж байгаа юу. Хэрэв энэ асуудалд нэг байр сууринаас "дуугарч" буй юм бол оффтейк гэрээг ил болгож, асуудлаа уг үндсээр нь судлах шаардлагатай байна.
Үнэн хэрэгтээ, хулгайн асуудалд Засгийн газар нь зүтгээд, парламент нь "хүч" өгөөд ч дийлэхгүй байна. Үүнийг батлах мэт, гэрээг ил болгох эрх мэдэлд Ерөнхий сайдын "хүч" ч тарамдаж байгааг өөрийн биеэр гарч ирээд өнөөдөр мэдэгдчихсэн. Тэр байтугай, тогтолцооны өөрчлөлтийг ярих байр сууриа ч тэрбээр илэрхийллээ. Тэгвэл одоо нүүрсний хулгай хэрхэн, ямар замаар явагдсаныг ил болгоход ҮАБЗ байр сууриа нэгтгэх нь чухал байна.