Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд нь бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 34 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг хүргэсэн. Уг мэдээллээс онцолвол, Тэрбээр "Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай–Улиастайн гэсэн таван хэсгээс бүрдэж, нийт 330 гаруй сум, суурин газруудыг эрчим хүчээр хангаж байгаа. Сүүлийн хэд хоногт -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 19.00 цагт Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1441 мегаватт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны хамгийн их ачааллаас 54 мегаваттаар буюу 4 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 134 мегаваттаар буюу 10 хувиар их байна. Оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажиллаж, дээр нь ОХУ-аас 270 мегаваттын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа" гэв

Мөн "Сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад Дулааны IV цахилгаан станцын 89, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мегаваттын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны эхний есөн сарын байдлаар 7.1 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 6.5 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 76.9 хувийг дотоодын эх үүсвэрүүдээс, 23.1 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангасан. Импортын цахилгаан эрчим хүчний 457.9 сая киловатт цаг буюу 29.3 хувийг Оросын Холбооны Улсаас, 1101.9 сая киловатт цаг буюу 70.7 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортложээ. Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсөж, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 6-7 хувийн өсөлттэй байна. Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд нь бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллах ба ОХУ-аас авах импортын шугамын дамжуулах чадал 345 МВт-аар хязгаарлагдах тул дотоодын цахилгаан станцуудын үндсэн тоноглолын болзошгүй гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед тухайн нэгж тоноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах техникийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн.

Сүүлийн гурван жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум, 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна.

Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг уурхайнууд энэ онд 109.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах урьдчилсан тооцоо гарлаа. Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны тариф бодит өртгөөс доогуур байгаатай холбоотойгоор эрчим хүчний компаниудын нүүрсний уурхай болон бэлтгэн нийлүүлэгч, банкны богино хугацаат зээл, зээлийн хүүгийн өглөг, авлага нэмэгдэж байна. Түүнчлэн дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах түгээх, хангах компаниуд хөрөнгийн дутагдлаас шалтгаалж техникийн засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй байх нь насжилт өндөртэй, хуучин тоноглол бүхий үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд гэнэтийн аваар, саатал гарах эрсдэлийг нэмэгдүүлж хэрэглэгчдийн эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад хүндрэл үүсгэх магадлалтай байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлыг 1756 МВт-аар нэмэгдүүлэх төслүүдийг эхлүүлсэн. Дулааны цахилгаан станц IV-ийн хүчин чадлыг 46 МВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлсэн. Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо. Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төсөл 2023 онд, Амгалан дулааны станцын хүчин чадлыг 116 Гкал/ц-аар нэмэгдүүлэх төсөл 2024 онд ашиглалтад орно. Өмнөд бүсэд Тавантолгойн дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотод Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300 МВт-аар өргөтгөх, оргил ачааллын үед ажиллах дулааны тархмал эх үүсвэрүүдийг барих төслүүдийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байна" гэжээ.

Ж.Сүхбаатар: Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбогдуулан өглөө, оройдоо нэмэлтээр 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр явна
Ж.Сүхбаатар: Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбогдуулан өглөө, оройдоо нэмэлтээр 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр явна
 
GEN-Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн харилцааны тухай судална 
GEN-Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн харилцааны тухай судална 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.