Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг явуулж байгаа бөгөөд 120 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. НЗДТГ-аас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд шалган нэвтрүүлэх 9 товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодоор 50204 иргэн, 15812 тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийгдсэн хэмээн бүртгэгджээ.