Хүйтний улирал эхэлж, томуугийн тархалт өндөр байна. Зарим иргэдийн зүгээс сурагчдын амралтыг наашлуулах нь зүйтэй гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Тэгвэл томуугийн өвчлөлийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодрууллаа.
-Томуугийн өвчлөл өндөр байна. Энэ үед сурагчдын амралтыг наашлуулах ёстой гэсэн байр суурийг зарим иргэд илэрхийлж байна. Яам ер нь ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Улирлын томуу, томуу төст өвчний мэдээллийг холбогдох байгууллагаас тогтмол өгч байна. Тодорхой хязгаарлалт хийх нь журмаар зохицуулагдана. Амбулаторийн үзлэгийн ачаалал, томуугийн үзлэг тэдэн хувиас дээш гарвал тодорхой хязгаарлалт, карантин тогтоох арга хэмжээг авдаг. Одоогоор тэр түвшингүүдэд хүрээгүй. Томуугийн өвчлөл маш их нэмэгддэг сар бол 12, 1 сар байдаг. Тиймээс БШУЯ-тай хэлэлцээд сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг хоёрдугаар улиралтай нэгтгээд хугацааг нь зургаан 7 хоног болгосон. Амралт энэ сарын 16-нд эхэлж, нэгдүгээр сарын 27-нд хичээллэнэ. Яг энэ үед томуугийн өвчлөлийн оргил үе байдаг.
-Эмнэлгийн ачаалал хэр байна?
-Одоогоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдээгүй байна. Ковидын үед ор зохицуулж байсан туршлага байна. Нийт хүүхдийн ор 80 хувьтай байна.
-Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байна?
-Эрүүл мэндийн байгууллага байнгын өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилласаар байгаа. Тандалтын судалгаа, хувилбарын судалгаагаа сар бүх хийгээд явж байна. Тохиолдлын тоо өмнөх 7 хоногуудаа бодоход нэмэгдэж байна. Гэхдээ хяналтын түвшинд байна. Өнөөдөр улсын хэмжээнд 400 орчим хүн ковидын халдвараар хэвтэн эмчлүүлж байна.