Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар мэдээлэл хийж байна.
Манай улсын хувьд одоогийн байдлаар 140 тохиолдол бүртгэгдэж, 24 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 119 иргэн эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1747 хүн ажиглалт тусгаарлалтанд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 133 иргэн байна. 24 цагийн дотор 119 дугаарт 166 иргэнээс дуудлага ирж зөвлөмж, зөвлөгөө авчээ. Харин гадаадад байгаа иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой 119 аппликейшнд БНСУ-аас 1, Бельги улсаас 1, ОХУ-аас нэг дуудлага ирж коронавирусний талаарх мэдээлэл, зөвлөмжийг авсан байна.
Гадаадад амьдарч байгаа монголчуудаас нийт 32 хүн коронавирусний халдвар авсан байна. Үүнээс 13 хүн эдгэрч бусад иргэд гэрийн тусгаарлалтанд байна. Швед улсад байгаа нэг иргэний биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдөр 3 хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Үүнд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг эмэгтэй байна. Эдгээр иргэд 34, 30, 45 хоногийн турш эмчлэгдсэн. Ингээд эмчлэгдээд эдгэрсэн иргэн 24 боллоо. Өчигдөр нийт гурван лабораторт 87 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-уул аймагт тусгаарлагдсан 22 жолоочийн шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 44 иргэний давтан шинжилгээнд 4 иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд нийт тохиолдол 140 боллоо. Халдвар илэрсэн иргэдийн хувьд ХӨСҮТ-д тусгаарлагдсан цэргийн сургуулийн оюутан 1, Дархан-уул аймагт тусгаарлагдсан 1, Орхон аймагт тусгаарлагдсан ОХУ-д сурдаг 2 оюутанд коронавирус илэрсэн. Тус иргэдийг ХӨСҮТ-д авчрахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 116 иргэн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдал хэвийн 20, дунд зэрэг 91, хүнд 24 иргэн байна.