Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Иргэд эмийн сан хайж явах нь түгжрэлд нөлөөлж байна гэж хэлсэн үг иргэдийг ихээхэн бухимдууллаа. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
-Би сүүлийн үед хэд хэд жиргэсэн. Гэтэл араас нь эсвэл зураг дээр нь өөр тайлбар биччихдэг, эсвэл үгний араас залгаад өөр үг нэмчихдэг. Бичлэг дээр түгжрэл үүсгэж байна гэх үг байхгүй. Эрүүл мэндийн сайдаас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд асуулт тавьсан. Жишээ нь "Тэнгэр ТВ"-ийн ДАТА дуран гэх мэдээллээр хотын 272 хүнд 1 эмийн сан ногдож байхад гэр хорооллын 600 хүнд нэг эмийн сан ногдож байна гэх мэдээлэл байсан. Энэ мэтийн зүйл байдаг шиг гээд тусад нь салгаад ярьсан. Намайг элий балай хүн байгаа юм шиг харагдуулах гэсэн улстөрийн зорилготой асуудал. Би гишүүнээр ажиллахад ямар ч хэл ам гараагүй. Гэтэл Засгийн газарт ороод ажилласан чинь учраа олохгүй, алингаа алдаад явж байна гэсэн мэдээллүүд цацагдаад байна. Энэ бол улстөрийн зорилготой. Түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл явагдаж байгаа. Бэлэн амлахгүйгээр ажлаа хийгээд явж байна.
-Түгжрэлийг сааруулахаар ямар бодитой ажил хийх вэ?
-Төвлөрлийг сааруулах нь миний мэргэжлийн ажил гэж хэлж болно. Би төрийн удирдлага, захиргааны чиглэлийн хүн. Төвлөрлийг сааруулах бодлого бол хамгийн том малгай. Энэ нь дотроо хоёр хэсэгтээ. Нэг нь улсын хэмжээнд, нөгөөх нь Улаанбаатарын хэмжээнд ярьж болно. Энэ бол эрх мэдлийг, үйлчилгээг задлах тухай асуудал. Бидэнд үйлчилгээний төв, хүн ам, машин, эрх мэдлийн зэрэг хот олон төвлөрөл үүсчихээд байна. Үүнийг задлах шаардлагатай. Төвлөрлийг сааруулахад урт хугацаа хэрэгтэй.