Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Цагаан нуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг ЗГ гаргалаа. Баян-Өлгий аймгаас хойш 65 километрын зайд орших "Цагаан нуурын чөлөөт бүс"-ийг Азийн AH4 босоо тэнхлэгийн автозамыг эцсийн байдлаар гүйцээн, ашиглалтад оруулсан. Ингэснээр БНХАУ-аас ОХУ-руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тус бүсийн тээврийг байнгын ажиллагаатай байх шийдвэрийг гаргасан.
Баруун аймгуудын малын махыг зах зээлд гаргах боломж нээлттэй болж байна. Манай яамны хувьд чөлөөт бүсийн асуудлыг хариуцаж байгаа.
Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэх асуудлыг хуралдаанаар ярьлаа. Нэгдүгээр сарын 01-нээс эхлэн "Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа хариуцсан агентлаг" байгуулагдаж байгаа. Манай яам гадаадын хөрөнгө оруулалтыг чухал гэж үзэж байгаа" гэв.