Их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
Тодруулбал, 15 дахь удаагийн "Чингис хаан" одонгоор энэ жил хэн шагнагдах эсэх нь тодорхойгүй ч олон нийтийн зүгээс нэр бүхий хүмүүсийг онцлоод буй. Тухайлбал хамгийн их оон нийтийн дэмжлэг авч, хүлээлтийг бий болгоод буй хүн бол Зүрх, судасны мэс заслын эмч, АУ-ны доктор Б.Болдсайхан эмч юм.
Тэгвэл АУ-ны доктор Б.Болдсайхан эмч дээрх мэдээлэлтэй холбоотойгоор өөрийн цахим хуудастаа "шагнал, доромжлолын алиных нь ч дайрлага, атаа жөтөө, өр дарамтгүй, амар жимэр, хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна.Гавъяа огт үгүй ажлаа л хийж буй. Ухаантай биш мунхаг, араншин дураараа, зожиг хажиг, мэдэх чадахаасаа мэдэхгүй чадахгүй нь их, донгио хүн." гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Дашрамд сануулахад, Өнгөрсөн онд мөн "Чингис хаан" одонгийн эзнийг тодруулах үед нийгэмд түүнийг авах байх гэсэн өндөр хүлээлт үүссэн байсан ч тэрбээр "надад шагнал огт хэрэггүй" гэж хэлж байсан удаатай юм.