УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн талаар байр сууриа илэрхийлж, үүргээ биелүүлж чадахгүй байгаа талаар онцоллоо. Тэрбээр "Төсвийн хүрээний мэдэгдэл үүргээ биелүүлж чадахгүй байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, татварын бодлого нь ямар байх вэ гэдэг нь Төсвийн хүрээний мэдэгдлээс харахад тодорхойгүй байна.
Гурван жилдээ, таван жилдээ төсвийн хүрээний мэдэгдлээ маш тодорхой болгож, эдийн засгийн ямар бодлого барих вэ, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дунд болон урт хугацаанд аль салбарт хөрөнгө оруулалт татаж, төр нь хэрхэн дэмжих вэ гэдгийг тодорхой тусгах ёстой. Гэтэл ямар ч тодорхойгүй байна. Бид төсвийн бүтцийг аваад үзэхэд өрийн төлбөр, халамж, тэтгэвэр тэтгэмжийн төлбөр, хөрөнгө оруулалтын төлбөр гэсэн дөрвөн л бүтэцтэй болоод байна. Тэгэхээр төсвийн бүтэцдээ анхаарлаа хандуулахгүй бол улс орны хөгжлийн төлөвлөлттэй уялдахгүй байгаад байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг Байнгын хороо, Ажлыг хэсэг бодит тооцоо, судалгаан дээр үндэслэж боловсруулах хэрэгтэй” хэмээв.