МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-МАН өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард 30 дугаар их хурлаа хуралдуулж, тус хурлаар дэвшилтэт бодлогуудыг агуулсан бодлогуудыг баталсан. Тиймээс яг жилийн ой дээрээ буюу энэ оны арванхоёрдугаар сарын 6-нд Бага хурлаа хуралдуулахаар товлолоо. Хуралдаанаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн улстөрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын нэг жилийн тайлан үйл ажиллагаа, Хяналтын хорооны мэдээлэл орно. УИХ-ын дарга Г.Занданшатарын ирэх жил хийх эрх зүйн шинэчлэлийн асуудал хэлэлцэнэ.
-Бага хурлаар Генсекийн асуудлыг ярих уу?
-Эрх нь Бага хуралд байна. Гэхдээ сая товлосон хуралд Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ороогүй. Гэхдээ Бага хурал хуралдахдаа хэлэлцэх асуудлаа өөрчлөөд оруулж болно.
-Ерөнхий нарийн бичгийн дарга давхар албан тушаал эрхэлж болох уу?
-Шийдвэрлэх эрх нь Бага хуралд бий. Бага хурал хуралдаж байж, шийднэ.
-Хяналтын хороогоор Хөгжлийн банктай холбогдсон гишүүдийн асуудлыг хэдэн удаа хэлэлцэв?
-Уг гишүүдийн асуудлаар дөрвөн удаа хуралдсан. Улмаар Хөгжлийн банканд холбогдсон гишүүдээсээ тайлбар, мэдээлэл авсан. Ер нь МАН-ын дүрмээр Хяналтын байгууллагын эрх үүрэгт нэгдүгээрт, улстөрийн хариуцлага хүлээлгэдэг. Ямар нэгэн байдлаар эрүү, иргэний хариуцлага хүлээлгэхгүй. Гэм буруутай асуудлыг бид тогтоохгүй. Хууль хяналтын байгууллага тогтооно. Харин гэм буруутай нь тогтоогдвол улстөрийн хариуцлага тооцох эрх нь бий.
-Дахин нэр дэвшүүлэх үү?
-Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмээр дахиж дэвших нь битгий хэл намдаа ч албан тушаал авах эрхгүй болно.