МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр /2022.11.08/ хуралдсан. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодруулга мэдээлэл авлаа.
-МАН-ын бага хурлаар ямар ямар асуудал хэлэлцэв?
-МАН-ын удирдах зөвлөл хуралдаж 12 дугаар сарын 06-ны өдөр намын бага хурлаа хийх тов гаргалаа. Жилийн өмнө МАН социал демократ нам гэдгээ зарлаж байсан. Тиймээс нэг жилийн ажлаа тайлагнах, цаашид хийх ажлаа тодорхой болгох үүднээс намын бага хурлаа зарлаж, дэмжлээ.
Мөн МАН-ын социал демократ намын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр Мөнх-Оргил гишүүний нэрийг дэвшүүлж байгаа. Үүнийг мөн хэлэлцлээ.
-2023 оны төсөв удахгүй батлагдах гэж байна. Төсөв танах, задаргаан дээр анхаарах, хэмнэлтээ хийж чадаж байгаа юу гэдэг асуудал дээр гишүүд ямар байр суурьтай байна?
-2023 оны төсвийг энэ долоо хоногт батална. Гэхдээ анхаарал хандуулж байгаа зүйл бол үнийн өсөлт болон инфляци. Тиймээс төсвөө дахин тодотгол хийхгүйн тулд маш нухацтай хандана гэж үзэж байгаа.
Жишээлбэл, гурилын үнийн 30 хувийн өсөлт иргэдийн амьдралд маш хүнд тусч байна. Тиймээс засгийн газар цаашид гурилын үнийг бууруулах, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байрихад анхаарч ажиллана.
Түүнээс гадна шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг зуун хувь эдлүүлэх санхүүжилтийг төсөв УИХ-д орж ирсний дараа асуудлыг хөндөж байж төсөвт суулгуулж чадлаа. 33 тэрбум төгрөг суусан.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийг бий болгох, үнийг бууруулах, хил гаалиар орж ирэх чадамжийг сайжруулах болон уул уурхайн бүтээгдэхүүнийхээ валютын урсгалыг шилэн болгох цаашлаад орж ирсэн валютаа зөв зарцуулах зэрэг асуудлууд төсвийн гол зорилго болж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.