У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын аажмаар хөндийрсөн ойлголцол С.Баярцогтыг дэмжих Ерөнхийлөгчийн бодлого дээр бутарч, нүүрсний хулгайн хэргээр хурцдах бололтой. С.Баярцогт, У.Хүрэлсүх хоёрын далд хоршилыг өмнөх нийтлэлээрээ та бүхэнд хүргэсэн. Тэгвэл энэ удаад Ардын нам доторх хүчний тэнцвэр ба “Нүүрсний хэрэг”-ийн талаар зарим зүйлийг өгүүлье.
Өнгөрсөн сарын сүүлээр нүүрсний хэрэг өндөр авахтай зэрэгцэж улс төрд “Үүнээс болж МАН-ынхан дахин хоёр хуваагдах вий” гэх яриа чих дэлсэх болов. Үйл явдлыг ухрааж санавал нүүрсний хэргийг ил гаргаж тавина гэх яриаг Ерөнхий сайд өнгөрсөн таван сард анх гаргаж ирсэн. Түүнээс хойш төд удалгүй наадмын өмнөхөн С.Баярцогтын хэрэг хэрэгсэхгүй болсон. Наадам дуусав уу, үгүй юу Ерөнхий сайд шуудхан төмөр замын асуудлыг босгож ирээд, Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Төмөр замын хэрэг гэдэг бол аль ч талаараа нүүрсний хэрэг болж, Женко Х.Баттулга болон “Голомт”-ын Д.Баясгалангаар баяжигдан үргэлжлэх учиртай асуудал. Өөрөөр хэлбэл, нүүрсний мөнгө урсаж орсон нэг салаа нь төмөр зам билээ.
Ингээд намраас Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан хэд хэдэн уулзалтын араас АН-ын нэгдлийн асуудал биежиж, хэвлэл сошиалгүй С.Баярцогтыг намын даргаар “өргөмжилж” эхлэхтэй зэрэгцүүлэн Ерөнхий сайд Эрдэнэс Тавантолгойтой холбон нүүрсний хэргийг хөдөлгөж эхэллээ. Эхний ээлжинд Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлөв. Араас нь нэгжлэг, баривчилгаагаар хүч нэмэгдүүлэв.
“Нүүрсний хэрэг” бол Монголын хамгийн том хулгай. Өдрийн “орлого” нь тэрбумаар тоологдох энэ “аалзны торонд” ороогдоогүй улстөрч саарал ордонд цөөхөн. Ялангуяа Ардын намын 65 гишүүний 20 гаруй нь нүүрсээр “амь” зууж яваа улс. Мөн нүүрсний гол тоглогчоор экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэрлэдэг. Б.Энхбаяр, Т.Доржхандаас эхлээд олон гишүүд түүнийг болон түүний бариулсан төмөр замтай холбоотой нүүрсний асуудлыг сөхдөг. Тэр төмөр замыг нь “Голомт” барьсан. Ерөнхий сайд байхдаа У.Хүрэлсүх санжүүлтийг нь шийдвэрлэж төмөр зам барих ажлыг эхлүүлж байсан. Д.Баясгалан болон одоогийн Ерөнхийлөгч хоёр тун эртний танилууд гэж улстөрийн хүрээнийхэн ярилцдаг.
Тэгвэл сая Ерөнхий сайдыгаа нүүрсний хэргийг доргиож эхлэхтэй зэрэгцэж нүүрсний пирамидынхан бужигнаж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайд оролцоогүй улстөрдчийн бүлэгт багтана. Тиймээс шонд өлгөж, шоронд илгээх нүүрсний хулгайчид түүнтэй хамаатаж, “нус” наалдахгүй гэсэн үг. Хамгийн чухал нь хүчний тэнцвэрээ хадгалж үлдэхэд нүүрсний хулгайг, ашиглавал нь түүнд хэрэгтэй үр дүнг авч ирнэ.
Мөн энд өөр нэг ойлгомжгүй зүйл байгаа нь асуудалд орж магадгүй болоод буй Б.Ганхуягтай маш ойрхон гэгддэг байсан хүнийг сайдаар томилсонд улс төрийн хүрээнийхэн бүгд мэл гайхав. Магадгүй энэ томилгооны цаана Ерөнхий сайдыг нүүрснийхэнтэй ойлголцов уу гэх хардлага явж эхэлсэн. Харин эх сурвалжууд өөр нэгэн сонирхолтой өнцөг илэрхийлж байгаа нь нүүрсний хулгай нэгэнт асуудалд болох нь ойлгомжтой болсон тул Ерөнхий сайдыг бараадаж, нэг ёсондоо “бууж” өгсөн үйл явдал гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, засагт орж амиа хоохойлсон гэсэн үг.
Хамгийн сүүлд шалгагдаж эхэлсэн Эрдэнэс Тавантолгойн хэлтсийн дарга Б.О нь Т.Аюурсайхан сайдын туслах, зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн хэмээн саарал ордныхон жиг жуг хийцгээж эхэлсэн.
Тэгвэл одоо пирамидын оройд байсан Гүйцэтгэх захирлыг тойргоос гаргачихсан. Төмөр замыг хөдөлгөж байсан Н.Удаанжаргал гадаадад байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний асуудал төмөр замаар дамжиж жинхэнээсээ улс төр, хэрэг төвөг болж, асуудал дагуулахад бэлэн болоод байна. Тун удахгүй нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээ, нүүрс тээврийн дундаас “цохьдог” их хэмжээний авлига гээд томоохон асуудлууд “дэлбэрэх” байх. Тиймээс МАН-ын нүүрсчин гишүүд томчуудаа нэг зам дээр яаралтай нэгтгэхгүй бол төр, улсгүй бужигнах вий дээ.
Г.Лхагвадорж