Ардчилсан намын хуучин атлаа шинэ дүр С.Баярцогт энэ долоо хоногт хачин ихээр тодорч байна. Арга ч үгүй биз араасаа аймаар том “галын” дэмжлэгтэй хүн улс төрд томоор эргэж ирэхээр ингэж зүтгэлгүй яахав. Өчигдөр гэхэд л хэрүүл, зодоон нь хоёр жил тасраагүй АН-ын тал талын төлөөллүүдийг цуглуулж уулзсан түүнийг зураг нь сошиал орчинд ил болж бас нэгэн “АН нэгдэж буй” гэх мессежийг агуулав.
Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ үргэлжлүүлэхийн тулд С.Баярцогтыг дэмжихгүй
Тэгвэл эндээс С.Баярцогт яагаад ингэж их тодроод байгаа вэ. Түүний ард хэн байна вэ гэх асуулт яалтчгүй анхаарал татаж эхэлнэ. Бараг бурхан ч нэгтгэж чадахгүй хэмжээнд хүрсэн эрх ашгийн зөрчилтэй АН-ынхныг хэн ингэж зангидаж, С.Баярцогтыг оройд нь тавих бооцоог улс төрд тавиад байна вэ. Мэдээж АН-ынхан өөрсдөө дангаараа чадахгүй. Тэр тусмаа МАН-ын Л.Оюун-Эрдэнэ үүнийг лав хүсэхгүй. Яагаад гэвэл С.Баярцогт бол хатуу самар. МАН-аас бусдыг хүсэмжилсэн сонгогчдын уур амьсгал дээр эдийн засгийг, улс төрийг босгоод ирэх чадвартайгаас гадна АН-ыг нэгтгэсэн гэх тодотголтой С.Баярцогт ороод ирвэл массаас дэмжлэг авах магадлал асар өндөр. Тиймээс барьцаа лавшруулж, эрх мэдлээ хадгалах хүсэлтэй Л.Оюун-Эрдэнэ өөрт хамгийн халтай өрсөлдөгч С.Баярцогтыг далдаас дэмжиж, хар толгойдоо булуу хураахгүй. Харин ч С.Баярцогтын тодролыг хамгийн түрүүнд эсэргүүцэх хүн бол тэр.
С.Баярцогтын онцгой “бяр” ба У.Хүрэлсүх бол АН-ын “бурхан”
Тэгвэл Л.Оюун-Эрдэнээс өөр С.Баярцогтыг, АН-ын нэгдлийг дэмжих хүнийг Ардын намаас ол гэвэл яалтчгүй У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өрсөлдөгчгүйгээр тодорно. Эх сурвалжууд ч энэ логикийг баталгаажуулж байна.
Яагаад гэвэл Ерөнхийлөгчид АТГ, шүүх, прокурорын байгууллага бий. Өөрөөр хэлбэл, тамгаа дарж хэвтчихээд өгөхгүй байгаа С.Эрдэнийн хэрэг боогдож дуусаад УЕПГ-т бараг ирчихсэн. Гишүүд дэмжигчид, хүн хүчийг өөртөө татчихаад өгөхгүй байгаа Женко Х.Баттулгын хэрэг АТГ дээр бий. Нэгдүгээр хүн хүсвэл мань хүнийг Төмөр зам, Хөгжлийн банк гээд ямар л бол ямар хэргээр нь хуулийнхан хангалттай ороож чадна.
АН-ыг хоёр тийш нь чангаачихсан байгаа энэ хоёр хүнийг хэрэг төвгөөр нь нэгтгэн "бөлдөгдөж" чадах хүч өнөөдөр Ерөнхийлөгчийн институтэд л байна. Тиймээс У.Хүрэлсүх С.Эрдэнээс тамгыг нь, Х.Баттулгаас хүн хүчийг нь аваад С.Баярцогтод өгч чадах учраас тэр зоригтойгоор улс төрд эргэн гарч ирж буй юм. Үүдэндээ гарч ирж ганц хуудас захиа гардаж авдаг түүх манай прокурорынхонд лав байхгүй. С.Баяр, М.Энхсайхан, О.Бямбасайхан гээд том хэргүүдэд холбогдож, шүүхээр таслуулсан нэр нөлөөтэй олон эрхэм бий. Тэгвэл эд нараас ганцхан С.Баярцогтын хэрэг л шүүхээс цагаадав. Энэ нь түүнийг шүүх дээр онцгой бяртай байгааг илтгэж буй хэрэг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нэгд, хамгаалалт. Хоёрт, хүчний тэнцвэр хэрэгтэй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэрвээ С.Баярцогтыг дэмжиж, дараагийн сонгуульд оруулахгүй бол МАН олонх болох “аюултай”. Л.Оюун-Эрдэнэ намын дарга, Ерөнхий сайдын дүрээр ялалт байгуулсан нөхцөлд 80-аад оны залуучууд жинхэнээсээ галзуурч, 70-аад онынхныг улс төрөөс шахаж, Ерөнхийлөгчөөс бүх юмыг нь булааж авна. Нэг ёсондоо 2020 оны халуун намраас эхлэлтэй МАН дахь эрх мэдлийн үе солих процесс эрчимжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2025 он гэхэд У.Хүрэлсүх улс төрд наадам нээж, хаахаас өөр онцгой эрх мэдэлгүй нэгэн болох эрсдэлтэй.
Дээрээс нь аль ч үеийн Ерөнхийлөгч буухдаа улс төрийн хамгаалалт хайдаг, бас хийдэг. Үе үеийн Ерөнхийлөгчид улс төрийн нөлөөгөө хадгалахын тулд өөрийн намаа хүчгүйдүүлж, эсрэг намаа биежүүлдэг түүхтэй. Жишээлбэл, МАХН-ын Н.Энхбаяр АН-ын Ц.Элбэгдоржийг, АН-ын Ц.Элбэгдорж МАН-ын М.Энхболдыг, АН-ын Х.Баттулга МАН-ын У.Хүрэлсүхийг улс төрд дэмжиж Засгийн эрх мэдлийг өгч, өөрийнхөө улс төрийн нөлөөгөө тогтоож, ирээдүйгээ хамгаалж байв.
Тэгвэл одоо МАН-ын У.Хүрэлсүх, АН-ын С.Баярцогтыг дэмжиж, эсрэг намаа улс төрд дээш нь татахаар шийдсэн бололтой. Гэхдээ энэ нь 2024 онд АН олонх болно гэсэн үг биш. Эвсэх хэмжээний парламент бүрдэж, эвслийн Засгийн газар байгуулбал Ерөнхийлөгчийн институтэд бүр илүү сайн.
Дашрамд сонирхуулахад, С.Баярцогт, У.Хүрэлсүх хоёр бол аль 1980-аад оноос эхлэлтэй эртний найзууд. Бүр нарийн яривал С.Баярцогт МАН-ын угшилтай хүн. Энэ хоёр хүн хоёулаа эрт дээр үед Ө.Энхтүвшингийн цэргүүд явсан гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд байдаг. Өнгөрсөн хугацааны С.Баярцогтын улс төрийг харахад Ардын намтай хачин сайхан ойлголцдог гэж намынхан нь ярьдаг. 2012-2016 оны парламентад МАН-ынхан бүлэггүй болж, хуулийн хугацаагаа алдахад С.Баярцогт гүйж байж хуульд өөрчлөлт оруулж МАН-ыг бүлэгтэй болгосон.
Мөн У.Хүрэлсүх, С.Баярцогт нар багадаа хоёр удаа нэг засагт ажиллаж байсан. Тодруулбал, 2004-2006 оны эвслийн засагт С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга, У.Хүрэлсүх Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар. 2014-2015 онд С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга, У.Хүрэлсүх Шадар сайдаар тус тус ажиллаж байв.
Үргэлжлэл бий..
Г.Лхагвадорж