11-р сарын 1-нээс эхлэн ААН-ийн эрчим хүчний тарифыг цахилгаан зарцуулалтаар нь шатлан 28-30 хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Эрчим хүчний тариф алдагдалтай байгаа гэдэгтэй санал нэг байгаа. Шалтгаан нь Төрийн өмчит компаниуд буюу ДЦС-ууд мөн түгээхүүд. Үүний үр ашгийг сайжруулах менежментын асуудлыг буюу олон нийтийн болгох шийдлийг хөндөхгүйгээр бид тарифыг хичнээн нэмээд тэр нь үр ашигтай санхүүжилт болж чадахгүй шүү дээ.
Хоёрдугаарт, дан ганц иргэд гэхээс илүү бүгдээрээ "хэрэглэсэн бол төлдөг байх ёстой" гэсэн зарчим руу шилжих ёстой. Тэгэж байж хэмнэлт гэдэг зүйл бий болно. Жишээ нь иргэд бодит өртөгөөс хэд дахин багаар төлөөд байвал тэнд хэмнэлтийн процес явахгүй. Манайд тулгамдаж байгаа гол асуудал нь одоо байгаа нөөцөө яаж зөв хуваарилах шүү дээ. Ялангуяа, өвөл оргил ачааллын үеэр яаж "гал алдахгүй" байх вэ гэдэг нь анхаарах асуудал.
Эсэргээрээ тэгвэл хэмнэвэл яах вэ.Мэдээж өртөг борлуулах үнэ хоёр уялдаатай байх ёстой. Өртгөөсөө тодорхой хэмжээгээр нэмэгдэл үнэтэй зарж, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж байж зах зээлийн зарчимдаа шилжих ёстой гэдэгт бид санал нэг байна. Гэхдээ гол нь бүгдээрээ жигд нэмэгдүүлэх ёстой.
Дараа нь үйлдвэрлэл болон түгээхийнхээ үр ашгийг сайжруулах шаардлагатай. Технологийн шинэчлэл хийх ёстой гэсэн үг. Тун удахгүй МҮХАҮТ дээр эрчим хүчний зохицуулах хороотой хамтраад хэмнэлт, үр ашшиг бий болгох сэдвээр хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна." гэв.