Засгийн газрын ээлжит хуралдаан болж гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд 2020 оны аравдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргажээ.
Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ.
Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100,000 төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн байна.
Одоогоор 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27,000 хүүхдээс 12,000 нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.