"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг энэ сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин уг асуудлаар ЗГХЭГ-аас байгуулагдсан ажлын хэсэг "Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгтэй уулзлаа. Уулзалтын дараагаар тэрбээр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би хэрхэн ажиллаж байсан талаар танилцуулга л хийлээ. Миний хувьд хувийн эмнэлэгтэй байсан. Энэ ажлыг хийхийн тулд гэрээгээ цуцалсан. Манай эмнэлэгт эхийн эндэгдэл байхгүй. Өргөө амаржих газарт төрсөн хүмүүсээс мөнгө авч байгаа зүйл байхгүй болсон. Тав тухтай орчинд төрж байгаа.
Дэд захирал П.Эрдэнэцэцэгийг төрийн албаны хуулийн дагуу томилсон. Энэ хүн бол цагдаагийн алба хаагч бус эрх зүйч, эдийн засагч, хуульч хүн. Энэ асуудлыг ярьж байвал хүний эрхийн асуудал ч яригдах байх.
Хоёрдугаарт, энэ захирлын хувьд 4-5 жилийн өмнө цэргийн тэтгэвэртээ гараад, олон улсын байгууллагад санхүүгийн хяналт шалгалт хийж байсан. Цаашид ажиллаж амьдрах шаардлага байгаа шүү дээ. Би цагдаа гэдэг утгаар нь биш эрхзүйчийн хувиар нь ажиллуулсан. Манай эмнэлэгт 38 настай залуу ч ажиллаж байсан. Эмнэлгийн байгууллага хэл амтай гээд хэлж байсан. Энэ хүмүүсийг эмнэлгийн байгуулагад ажилласнаар нь ялгаварлан гадуурхаж байгаад сэтгэл дундуур байна" гэв.