АН-аас энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг дахин боловсруулж, ард иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, ипотекийн зээлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдэх, хүний эрхийн чиглэлээр бодитой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Тэдний шаардлагад Засгийн газраас албан хариу өгчээ. Энэ талаар Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат “Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг энэ сарын 19-ний өдөр авсан. Тэд Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ үед энэхүү шаардлагад дурдсан асуудлаар ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн үзэж АН-аас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах албан тушаалтны нэрийг ирүүлнэ үү" гэсэн байна лээ. Тиймээс АН-ын даргын зөвлөл хуралдаж, МАН-тай хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн даргаар ҮБХ-ны дэд дарга Д.Эрдэнэсувд, Төрийн байгуулалтын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр, АН-ын ёс зүйн сахилгын хорооны дарга А.Цэрэнбат, Нийслэлийн АН-ын дэд дарга Р.Даваадорж, УИХ дах АН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх Н.Болдбаатар, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Отгончулуун, Эдийн засгийн хорооны гишүүн Б.Дэлгэрмаа нар МАН-тай хамтран 2023 оны төсвийн талаар хэлэлцэж, АН-аас өгсөн шаардлагыг биелүүлэх ажлыг судлан ажиллана" гэв.