Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: 1520 өрхийг “Улны“ хэмээн ялгаварласан Д.Сарангэрэл гишүүнийг эргүүлэн татах асуудлаар ҮХЦ-д хандсан

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
3 минут 48 секунд

ХУД-ийн иргэн Э.Түвшинбаяр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Үндсэн Хууль зөрчсөн гэж үзэн гишүүнээс эргүүлэн татах асуудлаар ҮХЦ-д хандсан байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл есдүгээр сарын 26-ны өдөр "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр "Улны айлууд" гэсэн үгийг хэрэглэсэн нь нийтийн эрх ашгийг зөрчсөн тул ҮХЦ-д хандсан байна. Тиймээс иргэн Э.Түвшинбаярын өмгөөлөгч н.Гомбосүрэнгээс тодруулга мэдээлэл авлаа.

-Ямар учраас Д.Сарангэрэл гишүүнийг эргүүлэн татах асуудлаар ҮХЦ-д хандав?

-"Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл оролцож, илтгэл тавихдаа 1520 өрхийн иргэдийг "Улны айл" хэмээн хэлсэн нь үндсэн хууль зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцсан байна гэдэг агуулгаар ҮХЦ-д хандсан.

Нэг ёсондоо нийтийн эрх ашгийн үүднээс ҮХЦ-д мэдээлэл гаргаад, Д.Сарангэрэлийг ҮХ зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж өгөөч ээ гэсэн агуулгаар хандсан гэсэн үг.

-Иргэн Э.Түвшинбаяр ҮХЦ-д хандсан шүү дээ. Үндсэн хуулинд олгогдсон эрхийнхээ дагуу хандсан уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. ҮХЦ-д иргэн гомдол мэдээлэл гаргах эрхтэй. Тэр эрхийнхээ дагуу ҮХ зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн. Иргэн Э.Түвшинбаяр нь ХУД-ийн иргэн харин Д.Сарангэрэл гишүүн нь ХУД-ээс сонгогдсон. Тиймээс нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир тухайн иргэн цэцэд хандсан.

-ҮХЦ-д хэзээ хандсан бэ. Шаардлагаа хүргүүлсэн үү?

-Аравдугаар сарын 04-ний өдөр ҮХЦ-д шаардлагаа хүргүүлчихсэн. Одоогоор цэцийн гишүүд хуваарилагдаад, Д.Сарангэрэл гишүүн рүү өргөдлийн хувь очоод, тайлбар хийгдэж байгаа байх. ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх хуулиараа 14 хоногийн дотор хуваарилагдсан цэцийн гишүүн тухайн мэдээлэлд үндэслэн ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үү үгүй юу гэдэг асуудлаа шийднэ.

Иргэний гаргасан гомдол мэдээллийн дагуу ҮХЦ маргаан үүсгэхгүй гэвэл бага суудлын хуралдаанд гомдол гаргах ч гэдэг юм уу дараагийн процессийн ажлууд хийгдэнэ.

Харин маргаан үүсгэсэн тохиолдолд дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн ҮХ зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргах юм бол УИХ цэцийн дүгнэлтэд үндэслээд УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах уу гэдэг асуудлыг хэлэлцэнэ.

-ҮХЦ-д гомдол гаргасан гол зорилго нь Д.Сарангэрэл гишүүнийг эргүүлэн татах асуудал гэж хэлж болох уу?

-Зорилго гэхээсээ илүү нийт хүн амын 1520 өрх буюу хамгийн багадаа гурван мянга орчим иргэнийг улны буюу ядуурлын түвшнөөс доогуур хүмүүс гээд хэлчихсэн. Тэгэхээр нийт хүн амын багагүй хэсгийг ялгаварлан гадуурхсан нь Үндсэн хуулийн УИХ-ын тухай хуульд заасан өргөсөн тангарагаасаа шууд няцсан хэлбэр рүү орж байгаа.

Яагаад гэвэл УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө "нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдлэнэ. Үндсэн хуулийг чандлан сахина" гэж тангараг өргөсөн. Тэгэхээр сонгогдсон иргэдээ улны хэмээн доромжилж байгаа нь өргөсөн тангарагаасаа буцаж байгаа явдал. Тиймээс ҮХ зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж өгөөч ээ гэж хүсч байгаа юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Налайх дүүргийн хяналтын ажилтнуудыг сургалтанд хамрууллаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.